Ливанд 10 дугаар сарын 15-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-10-15 09:44:56

БЕЙРУТ. /TASS/. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати Бейрут хотод өчигдөр болсон буудалцааны үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж, 10 дугаар сарын 15-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ.


Ливаны Засгийн газраас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, энэ өдөр төрийн бүх байгууллага, улсын болон хувийн сургуулиудыг хаана.


Өнгөрсөн онд Бейрут хотын далайн боомтод болсон дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажилд сэтгэл дундуур байгаа шиит намуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр буудалцаан болсон байна. Хэсэг жагсагчид Адлиягийн талбай руу явж байх үед аль-Таюни, Бадаро хорооллуудад буудалцаан болж, наад зах нь зургаан хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж шархаджээ. Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, байшингийн дээвэр дээрээс үл таних мэргэн буучид гал нээсний улмаас буудалцаан эхэлсэн байна. Ливаны арми тэр даруй хотод хуягт техникүүд оруулж, мэргэн буучдыг хайх ажиллагааг хэд хэдэн газарт явуулжээ. Ажиллагааны явцад есөн хүнийг баривчилсны дотор Сирийн нэг иргэн байсан байна.  


Холбоотой мэдээ