Талибууд мод огтлох, хууль бусаар хил давуулахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-15 11:20:30

КАИР. /TASS/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний эмхлэн байгуулсан сайд нарын түр танхим мод огтлох, хууль бусаар хил давуулахыг хоригложээ.


Холбогдох мэдэгдлийг талибуудын төлөөлөгч, Мэдээлэл, соёлын дэд сайд Забихулла Мужахид твиттер хуудсандаа нийтэлсэн байна.


“Засгийн газрын тогтоолоор ой модыг огтлох, мөн мод хууль бусаар худалдах, хууль бусаар хил давуулахыг хориглох тухай хамгийн хатуу шийдвэрийг өнөөдөр баталлаа. Аюулгүй байдлын албад, мужийн удирдлагууд үүнийг сайтар хянаж, ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх ёстой” гэж мэдэгдэлд дурджээ.


Удаан хугацааны туршид мод нь Афганистанд эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн нэг байсаар ирсэн боловч модыг хяналтгүй тайрсны улмаас ойн талбай мэдэгдэхүйц багасаж, улмаар хүрээлэн буй орчны бохирдол үүсжээ. Олон улсын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, зөвхөн 1990-2005 оны хооронд Афганистаны газар нутгийн ойн нийт талбай гуравны нэгээр буурсан байна.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, 2015 онд Афганистаны ойн нийт талбай 1 сая 35 мянган га буюу газар нутгийнх нь 2.1 хувийг эзэлж байжээ. Талибуудад түлхэгдэн унасан Афганистаны Засгийн газар ойгоор бүрхэгдсэн газар нутгийн талбайг 1 сая 9 мянган гад буюу 2000-аад оны эхэн үеийн түвшинд хүргэхээр төлөвлөж байжээ.


Холбоотой мэдээ