Японы Засгийн газар хагас дамжуулагчийн шинэ үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-15 14:17:35

ТОКИО. /TASS/. Хомсдол үүссэний улмаас үндэснийх нь болоод дэлхийн эдийн засагт ихээхэн аюул учруулж байгаа хагас дамжуулагчийн шинэ үйлдвэр байгуулах төлөвлөгөөнд Японы Засгийн газар иж бүрэн дэмжлэг үзүүлэхээр болжээ.


Баасан гарагт Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Койчигийн мэдээлснээр, Засгийн газар мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай эд материалаар хангахад туслахын зэрэгцээ судалгааны төвүүдтэй бат бөх холбоо тогтоох тал дээр дэмжлэг үзүүлэх аж. 


"Хагас дамжуулагч бол салбарын тархи бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх тогтолцоог бий болгох нь үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс маш чухал ач холбогдолтой юм" гэж Койчи онцлон тэмдэглэжээ.


Токио Тайванийн "TSMC" компанийн оролцоотойгоор Японд хагас дамжуулагчийн  шинэ томоохон үйлдвэр барих гэх зэрэг энэ төрлийн хөрөнгө оруулалтын төслүүдэд эд материалын дэмжлэг үзүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио урьд нь мэдэгдсэн юм.


Энэ төслийн хөрөнгө оруулалт 1 их наяд иенээр (8.8 орчим тэрбум ам.доллар) үнэлэгджээ. “Asahi” сонинд баасан гарагт мэдээлснээр, Японы Засгийн газар хөрөнгө оруулалтын тал хувийг гаргахад бэлэн байгаа аж. Уг үйлдвэрт ухаалаг гар утсанд зориулсан хагас дамжуулагч, автомашины чип үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Японы Кумамото мужийн баруун өмнөд хэсэгт барьж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Одоогийн байдлаар дэлхийн автомашин, электроникийн үйлдвэрлэгчид хагас дамжуулагчийн хомсдолд ороод байгаа юм. Энэ нь цар тахлын нөлөө, түүнчлэн автомашины чипний дэлхийн зах зээлийн 17 хувийг эзэлдэг Японы “Renesas Electronics” компанийн үйлдвэрт гуравдугаар сард гарсан түймэртэй холбоотой байна.


Өмнөд Солонгосын "Samsung Electronics" корпорац мөн АНУ-ын Техас муж улсад 17 тэрбум ам.доллароор хагас дамжуулагчийн үйлдвэр  барих гэж байгаагаа есдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ