Монгол жүдочид Парисын Их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-18 12:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2021” Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын /2021.10.16-17/ өдрүүдэд болж шилдгүүдээ шалгаруулав.


Монгол Улсаас шинэ залуучууд голдуу 22 тамирчин тус тэмцээнд өрсөлдөж эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус Парисын Их дуулгын хүрэл медаль хүртэв.


Мөн шагналт байрт 5 тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуу жүдочид сайн барилдлаа.


“Парис-2024” олимпын мөчлөг эхэлснийг харуулж, ирэх олимпод гялалзах олон шилдэг тамирчид Их дуулгад хүчээ сорьж өөрсдийгөө дэлхий дахинд таниулав. Энэ жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог бөгөөд 1971 оноос хойш тус тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпын шигшээ баг татамидаа хүндэтгэл илэрхийлжээ.


Залуу бүрэлдэхүүнээ Парис руу илгээсэн Монгол Улсын хувьд Токиогийн олимпод оролцсон тамирчдаас Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана, Б.Ганхайч нар энэ бүрэлдэхүүнд багтсан байв.


Япончууд нийт 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 45 орныг тэргүүлэв. Харин тэдний араас 3 алт, 2 мөнгөн медальтай Орос, 2 алт, 1 хүрэл медальтай Израил, 1 алт, 1 хүрэл медальтай Португал, Азербайжан тэргүүтэй орнууд удаалжээ. Монголын тухайд 3 хүрэл медаль, таван шагналт байр гэсэн амжилттай 13 дугаар байрт жагсав.

Холбоотой мэдээ