"Хөгжил" хорооллын халаалт дулааны асуудлаар уулзалт зохион байгуулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-18 17:53:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Жинст багийн нутагт орших “Хөгжил” амины орон сууцны хорооллын 200 гаруй өрх одоог хүртэл халаалт дулаанаа авч чадаагүй байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар холбогдох албаныхан аравдугаар сарын 18-нд уулзаж, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцав.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Д.Отгонбаяр, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч А.Алтанхуяг, Засаг даргын орлогч Ш.Насан, “Мандал голомт” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Баатартогтох, ашиглалтын инженер С.Наранбаяр, "Хөгжил хороолол"-ын иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Алтай хотын халаалт дулааны 90 орчим хувийг хариуцан ажилладаг “Мандал голомт” ХХК нь өнгөрсөн зун тус хорооллын 1-6 дугаар гудамжны 200 орчим айл өрхийг халаалтаар хангах боломжгүй гэдгээ орон нутгийн холбогдох албаныханд илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Хөгжил” хорооллын дээрх гудамжны айл өрхүүд одоог хүртэл халаалт дулаанаа авч чадаагүй байгаа юм. “Мандал голомт” ХХК энэ сарын 15-наас халаалтаа өгч усаа шахсан боловч:

-“Тус хорооллын дулааны шугам сүлжээ нь инженерийн зураг төслөөр хийгдээгүй, стандартын бус сурвалжтай, зүй бус шугамын усны хэрэглээ их байгаа зэргээс үүдэн тус хороололд 1 цагт 3-5 тн усны алдагдал гарч шугам сүлжээний даралт буух, зуух зогсох эрсдэл үүсч болзошгүй байна. Иймээс иргэд усны зүй зохисгүй хэрэглээгээ зохицуулахыг анхааруулсан. 

Өнөөдөр болсон гурван талт уулзалтын төгсгөлд Есөнбулаг сумын ЗДТГ-аас ажлын баг байгуулан “Мандал голомт” ХХК-тай хамтран "Хөгжил” хорооллын усны алдангийг илрүүлэн зохих арга хэмжээг авч ажиллахаар боллоо хэмээн холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ