Малын гаралтай түүхий эдийг хоршоогоор дамжуулан борлуулж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-18 21:31:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн малчид малын гаралтай түүхий эдээ хоршоогоор дамжуулан борлуулж, өрхийн эдийн засгаа сайжруулж байна гэж аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос мэдээлэв.

Бэлчээр ашиглагчдын холбоо "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд манай малчид хэсэг бүлгээрээ нийлж хоршоо байгуулан амжилттай ажиллаж байгаа. Тухайлбал малчид малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээ дундын хөрөнгийн хоршоогоороо дамжуулан борлуулж байна. Өнөөдрийн байдлаар малчид Эрдэнэт хивс, Дархан нэхий гэх мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд гэрээгээр нийлүүлж байна. Гэрээ байгуулан ажиллах нь малчдад ихээхэн ач тустай байдаг. Учир нь ноос ноолуур, арьс шир дамлан зардаг /ченж/ худалдаачдад зах зээлийн ханшаас хамаагүй бага үнээр өгөхөө больж шууд үйлдвэрт нийлүүлнэ. Ингэснээрээ түүхий эдийн урамшуулалд хамрагдах боломжтой болсон байна. Түүнчлэн тус аймгийн малчид сум орон нутгийнхаа хадгаламж зээлийн хоршооноос хоёр хувийн хүүтэй зээл авдаг болсон нь гэнэтийн санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжийг бүрдүүлээд буй. Энэ нь малчдын хувьд ахуй амьдралаа дэмнэж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж байгаа гэв.


Малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж болно

Түүхий эдийн бэлтгэлд зохион байгуулалт хамгаас чухал юм.

Малчин хүн бүр таван хошуу малаас гарч буй түүхий эдээ үнэд хүргэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Тиймээс манай холбооноос анх төсөл хэрэгжүүлж эхлэх үе буюу 2017 онд жалгын нэг тарсан малчдыг нэгтгэж, малчдын байгууллагыг үүсгэсэн. Малчдын нийтлэг эрх ашгийг хангах байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, хянах тогтолцоог бий болгоход анхаарч, малчдын орлогыг нэмэгдүүлж ажилласан. Үүнээс хойш өдийг хүртэл малчны хотноос үйлдвэрлэгчид шууд түүхий эдээ нийлүүлж, ченжийн системийг халж 20 хоршоо байгуулсан байна. Эдгээр хоршоонууд ч өнөөдөр малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, малчдынхаа ашиг орлогыг нэмж буй.

Тухайлбал энэ онд гэхэд "Эрдэнэт хивс" ХХК, "Монгол нэхмэл" ХХК, "Ноос ирээдүй", "Могол" ХХК-д Тоонот цацраг дундын хоршооны дэргэдэх 18 хоршоо нийт 350.5 тонн ноосыг бэлтгэн нийлүүлсэн байна. Ямааны ноолуур гэхэд "Говь" ХК-д жил бүр 9-18 тонныг бэлтгэн нийлүүлж байна. "Дархан нэхий", Монгол шевро" ХХК-д 9344 ширхэг арьс ширийг бэлтгэн нийлүүлжээ. Уужин, Баялаг өлзий, Жинст мөрөн ХХК-уудад 4.6 тонн сарлагийн хөөвөр, 600 кг торомны ноосыг бэлтгэн нийлүүлжээ. Мөн малчдын хоршоогоор дамжуулан жил бүр гурван компанид малын мах бэлтгэн нийлүүлж байна гэж аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ