“Сэлэнгэ ургац-2021” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-18 22:08:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ ургац-2021” үзэсгэлэн худалдаа аймгийн төв Сүхбаатар сумын “Партизаны талбай”-д болж байна. Энэ сарын 18-19-ний өдрүүдэд болох эл үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын төмс, хүнсний ногоо, тарьц суулгац тариалагч жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй эрхлэгчид оролцож байна.

Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, эргэлтийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм. Өнөөдөр эхэлсэн эл үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, өрхийн үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээж байгаа бүхнээр бахархаж байгаагаа илэрхийлээд, нийт иргэддээ худалдан авалтаар бие биенээ дэмжихийг уриаллаа. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн аймгийн 17 сум бүгд ирж чадаагүй ч гол зарим сумаас хүрэлцэн ирж оролцож байна. Үзэсгэлэн худалдаагаар хүнсний гол нэр төрлийн шинэ ургацын төмс, сонгино, лууван, саримс, байцаа, даршилсан ногоонууд, цагаан идээ, ноос ноолууран эдлэл, тарьц суулгац, зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд худалдаалж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд зөгийн лаваар хийсэн, 7 цаг асдаг анхилуун үнэртэй лаа. Мөн эко гар нүүрийн болон барааны саван гээд шинэ содон бүтээгдэхүүнүүд нэмэгдсэн байна. 


Холбоотой мэдээ