Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн хааж камер, дроноор хянаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-19 14:19:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Эрээн хотод өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын идэвхтэй таван тохиолдол бүртгэгдсэн тухай Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэв. 


Тус консулын газраас Эрээн хот дахь коронавирусний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэл уламжилсныг толилуулж байна. 


Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүст ажилладаг хятад ажилтнаас энэ сарын 13-нд коронавирус илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан. Иймд 14-ний өдрийн 00.00 цагаас эхлэн нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажлыг зогсоосон. Улмаар 24 цагийн хугацаанд Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулсан юм. 


Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийг зогсоосон. Харин хүнсний дэлгүүрүүдийг өчигдрийн 11.00 цагаас хааж, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэхээр зохицуулж хөл хорионы дэглэмийг чангатгасан байна. 


Өнөөдөр 00.00 цагаас эхлэн хотын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Үүнд хүнсний дэлгүүр, эмийн сан ч багтаж байгаа юм. Хөл хорионы дэглэмийг чангатгасантай холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг дрон болон камераар хянаж байна. 


Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон. Одоогоор Замын-Үүд, Эрээн автозамын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна. 


Эрээн хот одоогоор цар тахлын бага эрсдэлтэй бүсийн тоонд орсон бөгөөд Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын халдвар” хэмээн нэрлэж байна.  


Эрээн хотод эрсдэлийн бүсээс хамаарч 2, 3 дахь удаагийн ПСР шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлж байна.


Өчигдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилсан сэргийлэх хянах ажлын шуурхай штабаас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 70 дугаар мэдэгдлийг гаргасан байна. Өвчний тархац, нөхцөл байдалтай холбогдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бусад хошуунд бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. 


1. Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг, Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны 10 дугаар сарын 1-энэс хойш ирсэн иргэдийг ПСР-ын шинжилгээнд хамруулж, гэрт нь 7 хоног тусгаарлах, 


2. Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх, 


3. Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах, 


4. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халваргүйтгэлийг хийж, бүтээгдэхүүнээс тогтмол ПСР шинжилгээ авах, 


5. Вакцинжуулалтад 18-аас дээш насны иргэдийг түүнчлэн, малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. 


БНХАУ-ын зарим бус нутагт цар тахлын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг анхааралдаа авч тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хороо, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын товчооноос ӨМӨЗО, Нинься, Ганьсу, Шаньси мужуудад 2021 оны 10 дугаар сарын 18-нд ажлын баг илгээж орон нутгийн удирдлагуудад цар тахалтай тэмцэх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж эхлээд байна.

Холбоотой мэдээ