Крипто төслүүдийг олон улсад гаргаж чадвал валютын орлогыг татах боломжтой

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-10-20 11:45:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хөгжил - 2021 эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн эхний хэлэлцүүлэг Мэдээллийн технологи, хүний нөөц сэдвийн дор салбар бүрийн манлайлагч залуус цаг үеийн сонирхолтой сэдвээр илтгэл тавилаа.

ШУТИС-ийн ЭЦДС-ийн тэнхимийн эрхлэгч Ph.d Д.Заяабаатар- Блокчейн технологи


Блокчейн технологи гэдэг нь энгийнээр цахим бүртгэлийн систем юм. Блокчейнийг нэг дэвтэр гэвэл блок нь нэг хуудас, олон хуудас нэгдээд гинжин холбоо үүсгэж блокчейн болж байна гэсэн үг.  

Тус технологи нь жигд тархалттай байдаг учраас нэг хүн эсвэл нэгж хянах боломжгүй, өмнөх мэдээллийг засах боломжгүй, аюулгүй байдлыг хангасан шифрлэлттэй, блокчейнээр хийсэн бүх гүйлгээ нийтэд ил тод байдгаараа онцлогтой. Бүх төрлийн өгөгдлийг хадгалах боломжтой учраас банк санхүү, эрүүл мэнд, худалдаа, үл хөдлөх зэрэг бүх салбарт ашиглах боломжтой.

Монголд блокчейн технологид суурилсан ард койн, их койн, зэс койн зэрэг дотоодын криптовалютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд байна.  Крипто төслүүдийн ихэнх нь олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний валютын орлогыг татах боломжтой.


Монгол банкны мөнгөний бодлогын газрын дарга Н.Баярдаваа- Төрөөс баримтлах мөнгөний бодлого- 2022 он

Монгол банк ирэх жил жилд цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, уул уурхайн экспортыг дэмжих, орон сууцны ипотекийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, чанаргүй зээлийг барагдуулах хугацааг богиносгох хууль эрхзүйн шинэтгэлийг хийх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж санхүүгийн зах зээлийг ногоон зах зээлд шилжүүлэх, Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн үндсэн 7 чиглэлд төвлөрч ажиллана.  

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцыг тогтворжуулах, олон улсын сайн стандартуудыг нутагшуулах, цар тахлын үед зээлдэгч дээр ирж буй дарамтыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сулруулж хэвийн горимд шилжүүлэх, банкууд хувьцаат компани болохтой холбоотойгоор Монгол банк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах зэргээр бодлогын баримт бичигт тусгаад байна.

Ковид гарснаар Монголын эдийн засаг нэг жилээр, дотоодод тархсанаар хоёр жилээр ухарсан хэмээн илтгэлдээ онцоллоо. 

 

 

Холбоотой мэдээ