Залуусыг ажилд зуучилж, ажлын байрыг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-20 18:04:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 1, 2 ээлжинд хамрагдсан 59 хүнээс 27 залуу байнгын ажлын байраар хангагдлаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн эхний үе шат болох “Хувь хүний хөгжлийн цогц” сургалтад хамрагдаж, амжилттай төгсөөд ирсэн. Сургалтад хамрагдсан залуучуудыг ажлын байранд дадлагажуулах, ажил олгогч байгууллагуудтай холбон ажлын байранд зуучилж эхэлжээ.  Тодруулбал,  аймгийн ХХҮГ, ААН байгууллага, Дадлагажигч нар гурван талт гэрээ байгуулан ажилд зуучлуулж байгаа аж.

Хамтран ажиллах гэрээнд 32 аж ахуй нэгж байгууллага гарын үсэг зурж, залуусыг тохирох ажлын байраар хангаад байна.

Түүнээс гадна “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” эхний ээлжийн сургалтыг Баянхонгор аймгийн 19 сумын ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн сурагчдад зохион байгуулжээ. Тус сургалтыг аймгийн ХХҮГ, Насан туршийн боловсролын төв, "Алтан алхам" сургалтын байгууллага хамтран нийт 655 сурагчийг цахим сургалтад хамруулсан байна.

Цаашид ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эх, багш нарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг шат дараатайгаар зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ