Их Британи, Шинэ Зеланд чөлөөт худалдааны гэрээний нөхцөлийг тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-21 10:06:29

ЛОНДОН. /TASS/. Их Британи, Шинэ Зеланд улсууд хоёр орны хооронд байгуулах чөлөөт худалдааны гэрээний нөхцөлийн талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай Их Британийн Гадаад худалдааны яам лхагва гаргийн орой мэдээлжээ.


“Энэ бол хоёр улсын хувьд маш том гэрээ юм. Манай хоёр улсын худалдааны эргэлт 2.3 тэрбум фунт стерлингт /3.2 тэрбум ам.доллар/ хүрээд байна. Гэрээ байгуулсны дараа энэ үзүүлэлт хэр өсөх талаар урьдчилсан таамаг гаргахад би бэлэн биш байна. Гэхдээ мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардернтай ярихдаа хэлсэн байна.


“Brexit”-ийн дараа Их Британи Европын Холбоотой /ЕХ/ худалдааны гэрээ байгуулж, мөн тус холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан 60 гаруй улстай худалдааны өмнөх нөхцөлийг хэвээр үлдээхээр тохиролцжээ. Харин Шинэ Зеланд, Австрали улсуудтай худалдааны шинэ хэлэлцээрийг эхнээс нь хийсэн байна. Тус улсууд Их Британитай чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар өнгөрсөн зургаадугаар сард тохиролцоонд хүрчээ. 


Хоёр улстай хүрсэн тохиролцоонд хоёуланд нь Их Британийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс 15 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг аажмаар цуцлах талаар тусгажээ. Эдгээр гэрээ хэлэлцээр нь өдгөө 11 гишүүн улстай Номхон далай дамнасан түншлэлд Их Британийг нэгдэн ороход тус дөхөм болно гэдэгт тус улсын Засгийн газар итгэлтэй байна.


Холбоотой мэдээ