Цагаан ордон 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-21 12:25:08

ВАШИНГТОН. /Fox News/. Цагаан ордон “COVID-19”-ийн вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулах төлөвлөгөөгөө лхагва гарагт танилцуулжээ. Энэ насны хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэрийг Хүнс, эмийн чанарын хяналтын агентлаг /FDA/ хараахан гаргаагүй байгаа юм.


Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс холбогдох зөвшөөрлийг олгосон тохиолдолд 5-11 насны хүүхдүүдийг нэг тун вакцинаар дархлаажуулахад хүрэлцэх 28 сая тун вакциныг татан авсан гэдгийг Цагаан ордон мэдээлсэн байна.


“Одоогийн байдлаар 12-17 насны олон сая хүүхэд вакцинд хамрагдаад байна. Вакцинд бүрэн хамрагдсанаар “Дельта” гэх мэт хувилбараас өндөр хувиар хамгаалагдаж, халдварын улмаас эмнэлэгт хэвтэх магадлал 10 дахин буурч байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмж гарсан тохиолдолд цаг алдахгүйгээр вакцинжуулалтыг эхлүүлэхийн тулд энэхүү төлөвлөгөөг боловсруулжээ. "Pfizer/BioNTech" компани вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлтийг Америкийн эрх баригчдад энэ сарын эхээр гаргасан юм. 


Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөх бүлэг 10 дугаар сарын 26-нд хуралдах бол Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хуралдаан 11 дүгээр сарын 2-3-нд болно. Цагаан ордны мэдээлснээр, Америкийн 189 сая иргэн буюу вакцинд хийлгэх боломжтой гурван хүн тутмын хоёр нь вакцинд бүрэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ