Урьдчилсан шатны албан ёсны бэлтгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-21 16:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо 10 дугаар сарын 25-31-нд Ази тивийн 23 хүртэлх насны цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд МХБХ-ны ногоон талбайд явагдана.


Тус хэсэгт манай 23 хүртэлх насны шигшээ баг Тайланд, Малайз, Лаосын шигшээ багуудтай учраа таарсан юм. Өрсөлдөгч улсын шигшээ багуудын хувьд Монголд ирээд байгаа бөгөөд "бабл" буюу "хөөсөн" системээр ямарваа нэг хүнтэй хавьталд оролгүй тоглолтоо дуусган нутаг буцах юм.

Өнөөдөр тэмцээний албан ёсны өдрүүд эхэлж, багууд албан ёсны бэлтгэлийг тоглолт болох цэнгэлдэхэд хийж байгаа бөгөөд эхний бэлтгэлийг зохион байгуулагч Монгол Улсын 23 хүртэлх насны шигшээ баг туслах дасгалжуулагч З.Баттулга, Ц.Энхжаргал нарын хамтаар хийлээ. Тус шигшээ баг 10 хоногийн өмнөөс нэгдсэн цугларалтад гарч, бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн эрүүл мэндийн шалтгааны улмаас нутаг буцсан ч цахим хэлбэрээр бэлтгэлийн үйл явц бүртэй танилцаж, заавар зөвлөгөөг өгч байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн тоглолтын арга барилыг тоглогч болон туслах дасгалжуулагч нарт сайтар ойлгуулсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Манай улсын шигшээ багийн хувьд 10 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагаас Тайландын шигшээ багтай, 28-ны өдөр 11:00 цагаас Малайзын шигшээ багтай, 31-ний өдөр 15:00 цагаас Лаосын шигшээ багтай тус тус тоглоно.
Холбоотой мэдээ