ОХУ-д өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-10-25 17:37:35

МОСКВА. /TASS/. ОХУ-д нэг өдөрт илрэх халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн хоногт тус улсад 37 930 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.


ОХУ-ын бүс нутгуудын дунд халдварын тохиолдлын тоогоор Москвагийн бүс тэргүүлж байна. Нийслэл Москвад нэг өдөрт 7778, Москва мужид 3127 шинэ тохиолдол илэрчээ. Гуравдугаарт, Санкт-Петербург хот орж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 2693 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Тус улсад шинжилгээгээр батлагдсан халдварын нийт тоо 8 279 573-т хүрчээ.


Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт халдварын улмаас нас барсан хүний тоо 1072-оор нэмэгдэж, 231 669 болжээ. ОХУ-д нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын тохиолдол долоон өдөр дараалан 1000-аас давсан байна.


Халдвараас эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 20 690-ээр нэмэгдэж, 7 186 611 болжээ.


ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж байгаа юм. Бүс нутгууд өөрийгөө тусгаарлах дэглэмд шилжиж, QR код ашиглан иргэдийн хөдөлгөөнийг хянах системийг нэвтрүүлж эхэлжээ. 

Холбоотой мэдээ