Японы хүн амын 70 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-10-27 10:20:17

ТОКИО. /Kyodo/. Японы хүн амын 70 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа талаар тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээллээ. Энэ нь “Долоогийн бүлэг”-ийн орнууд дундаа эхний гуравт бичигдэх өндөр үзүүлэлт юм.


Тодруулбал, Японы 125 сая хүн амын 70.1 хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдаад байгаа нь 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хүн амынхаа 72.6 хувийг вакцинжуулаад буй Канадын араас бичигдэж буй Италийнхтай эн зэрэгцэхүйц үзүүлэлт болж байна.


Япон эхэндээ хүн амаа “COVID-19”-ийн вакцинд хамруулсан үзүүлэлтээрээ “Долоогийн бүлэг”-ийн гишүүн АНУ, Их Британиас хол хоцорч байсан боловч тэдгээр орнуудын вакцинжуулалтын түвшин 60 хувьд хүрснээсээ хойш саарчээ.


Даваа гаргийн байдлаар, Японы 65-аас дээш насны хүн амын 90.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол 30-аад насныхны хувьд энэ үзүүлэлт 60.8 хувь, 20-иод насныхны хувьд 57 хувь, 12-19 насныхны хувьд 47.7 хувьтай байна. Улсын хэмжээнд нийт 185.98 сая тун вакцин тарьж, хүн амын 76.7 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.


Японы Засгийн газар 11 дүгээр сарын эхэн гэхэд вакцинд хамрагдах хүсэлтэй бүх хүнийг вакцинжуулах зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд 12 дугаар сараас эмнэлгийн ажилтнуудыг нэмэлт тунд хамруулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ