Алтайнхан оюуны цангаагаа тайлж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-10-30 18:48:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг “Номын баяр”-аар Алтайнхан оюуны цангаагаа тайлж байна.

Говь-Алтай аймагт зохион байгуулж буй Номын баярт Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оролцож байна. Тэрээр номын үзэсгэлэнд дэлгэсэн номуудтай танилцаж, уншигчдтай өдөрлөгийн талаар санал бодлоо солилцсон юм. Мөн үеэр Алтай нутагт ирсэн сэтгэгдлийг нь сонслоо.

“Оюунлаг Алтайчууддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алтай хотын иргэдийг Гэгээн нуурын цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төслийн нээлтэд оролцоод ирлээ, сэтгэгдэл маш өндөр байна. Өнөөдөр Алтайчууддаа зориулан номын баярыг зохион байгуулж байна. Шинэ номыг уншиж оюуны цангаагаа тайлах нь маш чухал. Улаанбаатар хотод номын баярыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна. Үйл ажиллагааг зорин ирж байгаа иргэд уншигчдын оролцооноос л ном ямар гэгээн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Өдөр болгон таван хуудас ном уншиж байя гэдэг уриалгыг дэвшүүлье” гэв.


“Оюунлаг Алтайчууд Номын баяр”-ын Ерөнхий зохион байгуулагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай уулзаж үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.

-“Манай ТББ-аас 30 дахь удаагийн номын баярыг хамтран зохион байгуулж байна. Алс хязгаар Алтай нутгийн уншигчидтай номын баяраараа уулзаж байгаадаа баяртай байна. Үндэсний номын баярыг энэ жил УИХ-аас нийтээр тэмдэглэх ёстой 15 өдрийн нэг болгон хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэхүү хуулийг хөдөө орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор мөн нийтээрээ номтой нөхөрлөж, өдөр бүр ном уншдаг болъё гэсэн уриалгыг дэвшүүлэн энэ удаагийн номын баярыг зохион байгуулж байна” гэлээ. 

Баруун хязгаар Алтай нутгийг зорин Улаанбаатараас 30 гаруй байгууллагын төлөөлөл болсон зохиолч, уран бүтээлчид, ном эрхлэн гаргагчид иржээ. Харин номын баярт ирж буй иргэдийн дийлэнх нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, хүүхэд, залуучууд байлаа. 


Есөнбулаг сумын иргэн Ц.Цэнд-Аюуш:

“Хөдөө орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх сайхан үйл ажиллагаа болж байгаад баяртай байна. Тэр тусмаа Алс нутгийн иргэдийн хүсэн хүлээсэн олон сайхан номуудыг авч ирэн олны хүртээл болгож байгаад маш их баяртай байна. Алтайчуудын оюуны цангааг тайлж, мэлмийг тэлсэн “Номын баяр”-ын зохион байгуулагчдад ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.  

“Оюунлаг Алтайчууд Номын баяр”-ын үйл ажиллагаа зохиолч, уншигчдын уулзалт, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан илтгэл-сургалт, хүүхдэд ном унших зөвлөмж яриа, Номын санч, Нийгмийн ажилтнууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх олон төрлийн сургалтаар үргэлжилж байна.