Баянчандмань сумын Политехникийн коллежид ноос, ноолуурын дадлагын үйлдвэр, өвлийн хүлэмж ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-01 20:42:35

Төв /МОНЦАМЭ/ Баянчандмань сумын Политехникийн сургалтын менежер Н.Чимэддоржтой ярилцлаа.


-Баянчандмань сумын политехникийн коллежийн тухайд?

-ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар 1969 онд сургалтын цогц барилгууд барьж, Хөдөө аж ахуй, механикжсан техник мэргэжлийн сургууль гэсэн нэртэйгээр байгуулснаас хойш Хөдөө аж ахуйн чадамжийн төв болон өргөжин тэлж үйл ажиллагаа явуулж байна. Коллежийн хувьд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг суурь бааз бүхий гэдгээрээ онцлог. Цаашдаа ч бид хөдөө аж ахуйн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн, залуус боловсон хүчнийг хөдөлмөрт бэлтгэдэг болох зорилготой ажиллаж байна. Энэ жилийн хувьд коллеж 570 суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Суралцагчид ихэвчлэн Завхан, говийн бүсийн аймгууд, Улаанбаатар хотоос ирж сурдаг. Хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд тогооч, компьютер, барилгын сан, засал чимэглэлийн анги байдаг.

-Политехникийн коллежийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Үүний тухай дэлгэрүүлбэл?

-Коллежийн хувьд голлох брэнд нь газар тариалан, төмс, хүнсний ногоо суурь бааз болдог. Мөн тогоочийн анги өнгө оруулсан хэрчсэн гурил үйлдвэрлэдэг бөгөөд өөрийн нэрийн хоолтой. Сүүлийн үед нарийн ногоо, ноос, ноолуурыг бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.

-Ноос, ноолуурын дадлагын газар болон хүлэмжийн талаар?

-2019 оноос Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлсэн “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох” төслийн хүрээнд ноос ноолуурын үйлдвэр, өвлийн хүлэмжийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сараас өргөжин тэлж, чадамжийн төв болж нээлтээ хийсэн бөгөөд энэ нь залуусыг хөдөлмөрт бэлтгэхээс гадна бага хэмжээний үйлдвэрлэлийн сургалт, дадлагын орчныг бий болгосон. Тус үйлдвэрийн дамжлагын хувьд ноосыг малчдаас худалдан авч угааж цэвэрлээд, ноолуур эсвэл ээрмэл утас болгодог. Үйлдвэрийн хүчин чадал нь 15 хүүхэдтэй хичээллэх боломжтой бөгөөд өдөрт бүрэн хүчин чадлаар ажиллах үед 50-60 кг ноос, ноолуурыг боловсруулах эсвэл 3-4 эсгий хийх бүрэн чадалтай.


Хүлэмжийн хувьд хөрсний тариалалттай өвлийн 2, зуны 3 хүлэмжтэй. Хүлэмжид өргөст хэмх, салатны навч, юуцай, бууцай, улаан лооль тариалдаг. Энэ жил ихэвчлэн улаан лооль тариалж байна.

-Брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг үү?

-Тогоочийн ангийн бэлтгэдэг гурил, төмс, хүнсний ногоог сумын зах зээлд цөөн тоогоор нийлүүлдэг. Цаашид нарийн ногоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг гаргах боломжтой болж байгаа юм. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйл ажиллагаагаа жигдрүүлэх хугацааг тооцон үзэж нэг жилийн дараагаар худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

-Коллежийн цаашдын зорилго?

-Суралцагсдад чанартай боловсролыг олгож, чадамж бүхий боловсон хүчнийг нийгэмд бэлтгэн гаргах сонирхолтой байна. Мөн брэнд бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нийлүүлж, тус бүтээгдэхүүний төрлөөр сумын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хангах, иргэдийн гарт нийлүүлэх зорилгыг тээн ажиллаж байна.

-Сурагчдын амралтын үеэр тус үйлдвэрийн ашиглалтыг ямар байхаар төлөвлөсөн бэ?

-Хичээлийн бус цагаар хоршоодууд болон ноос ноолуур үйлдвэрлэдэг компанитай хамтран үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна.

Холбоотой мэдээ