Татварын 9 дүгээр сарын орлогын бүтэц

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-11-03 15:56:34

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төсвийн татварын нийт орлого 2021 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болсон байна. Түүнийг 2020 оны эхний 9 сарын орлоготой харьцуулбал  2.4 их наяд төгрөгөөр өссөн дүн гарсан гэж Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээлжээ.  Татварын орлогын жилийн өсөлтөд, орлогын албан татвар (ОАТ) 1.2 их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) 462.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого (НДО) 305.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн гэж ҮСХ тайлбар хийсэн байх юм.


Улсын төсвийн татварын орлогыг урьд жилийн эхний 9 сартай харьцуулахаас гадна бас энэ оны 8 дугаар сарын татварын орлоготой жишиж тооцон гаргажээ. Татварын нийт орлого 2021 оны 9 дүгээр сард 978.3 тэрбум төгрөг гэсэн дүн гарсан байна. Энэ нь 8 дугаар сараас 195.4 тэрбум төгрөгөөр өссөн гэдэг үзүүлэлт юм байна. Татварын орлогын сарын өсөлтийг  дотор нь задалж үзвэл ОАТ 2.2 дахин буюу 109.7 тэрбум төгрөг, НӨАТ 46.9  тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 42.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Эдгээр татварын орлогын өсөлтөөс гадна бусад татвар, төлбөр хураамжийн орлого 207.8  тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 149.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ нь улсын төсвийн татварын орлогын үзүүлэлтүүд. УИХ улсын нэгдсэн төсвийг алдагдалтай байж болохоор тооцож баталдаг. Улсын төсөв  нь орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан сангийн болон Нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрддэг. Тэр бүхний талаар ҮСХ хэрхэн яаж мэдээлснийг одоо авч үзье.



Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 7 дугаар сард 238.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Харин 8 дугаар сард 211.2 тэрбум төгрөг, 9 дүгээр сард 236.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ оны тогтворжуулалтын сангийн орлогын улсын нэгдсэн төсвийн орлогод эзлэх хувийг 2020  оны эхний 9 сартай харьцуулан авч үзвэл 4.4 нэгж хувь, татварын бус орлого 2.1 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 0.4 нэгж хувиар тус тус өсжээ.  

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны 9 дүгээр сард 1.1 их наяд төгрөг болсон байна.  


Нийгмийн даатгалын санг (НДС)ийн орлого 2021 оны эхний 9 сарын байдлаар 1.9 их наяд төгрөг гэж гарчээ. Энэ нь  2020 оны 9 сараас  345.6  тэрбум төгрөг, нийт зарлага 1.9 их наяд төгрөг болж, 65.9  тэрбум төгрөгөөр өссөн гэсэн үг. НДС-гийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн орлого 322.0 тэрбум төгрөгөөр өссөн нь  нөлөөлжээ. Тус сангийн орлого 2021 оны 9 дүгээр сард 235.1 тэрбум төгрөг болж, 8 дугаар сараас 1.6  тэрбум төгрөг, нийт зарлага 217.3 тэрбум төгрөг болж, 2.8  тэрбум төгрөгөөр тус тус өссөн байх юм.


Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)ийн орлого 2021 оны эхний 9 сарын байдлаар 730.7 тэрбум төгрөг болсон аж. Энэ нь 2020 оны эхний 9 сараас 407.5 (2.3 дахин) тэрбум төгрөг, нийт зарлага 893.8 тэрбум төгрөг гэж гарсан байна. Тус сангийн орлого сүүлийн 3 сарын байдлаар сар бүр буурсан байна.


Орон нутгийн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 1.9 их наяд төгрөг гэсэн дүнтэй байна. Ер нь  орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 681.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээТүүнийг  2020 оны эхний 9 сартай харьцуулбал 427.2 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Орон нутгийн төсвийн  татварын орлого 283.8  тэрбум төгрөгөөр өссөн нь дээрх нэмэгдэлд нөлөөлсөн байна.


Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөгт хүрчээ. Мөн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.7 их наяд төгрөг болсон байх юм. Эдгээр тоон үзүүлэлтийг 2020 оны эхний 9 сартай харьцуулбал 3  их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Холбоотой мэдээ