Улаан шоргоолж устгах ажил энэ сарын 10-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-05 13:51:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон сууц хорооллын байруудад сүүлийн жилүүдэд улаан шоргоолж ихсэх болсон. Ахуйн хүрээнд нэг, хоёр орц эсвэл хэсэг айлууд устгах арга хэмжээ авч хор цацдаг ч хэсэг арилаад дахин гарч ирдэг аж.

Тиймээс орон сууц хорооллын айл, өрхүүд нэгдсэн журмаар устгах арга хэмжээ авч өгөх талаар аймгийн захирагчийн ажлын албанд хүсэлт тавьсан. Энэ дагуу Захирагчийн ажлын алба, Дархан сум, СӨХой хамтран нэгдсэн хурал зохион байгууллаа. Дархан сумын хэмжээнд 41 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн хуралд 21 СӨХ-ны удирдлагууд оролцов. Уг хурлаар улаан шоргоолж утсгах ажлыг нэгдсэн журмаар энэ сарын 10-ны өдөр эхлүүлэхээр болсон аж. Нэг удаагийн хор цацалтад бүрэн устгах боломжгүй бөгөөд гурван сарын хугацаанд тодорхой өдөрт нэгдсэн журмаар хор цацах ажил хийнэ. Тиймээс оршин суугчид баг, СӨХ-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу устгал хийхийг уриалж байна.

 

Холбоотой мэдээ