Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг эцэслэн хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ажлын багаас гаргасан болон УИХ-ын даргаас чиглэл өгсний дагуух зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого” гэсэн асуудлыг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын нутагшилт, дасан суурьшлын ерөнхий төлөвлөлт” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.