УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын багийн танилцуулгыг Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор төслийн 10, 13, 14, 15, 16 болон 69 дүгээр зүйлд холбогдох нийт 9 санал хураасан. Мөн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ажлын багийн гишүүдээс гаргасан саналыг боловсруулж анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд дэд ажлын баг 10 дугаар сарын 28, 29, 11 дүгээр сарын 1, 2, 3, 8-ны өдрүүдэд нийт зургаан удаа, гишүүдийн Ажлын баг 11 дүгээр сарын 1, 4, 8-ны өдрүүдэд тус тус хуралдаж, төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй 37, найруулгын санал 3, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй 4 санал, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл эцсийн хэлэлцүүлэгт холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахтай холбоотой санал 1 нийт 45 санал бэлтгэсэн гэж байлаа.
Мөн зарчмын зөрүүтэй саналын 19 дэх саналыг нэгдсэн хуралдаан дэмжсэн тохиолдолд төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах асуудлаар санал хураах шаардлага үүснэ гэдгийг Ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, төслийн 11 дүгээр зүйлд “11.3.Улсын Их Хурлаас энэ хуулийн 11.2-т заасны дагуу Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлэх ба түүнд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.” гэсэн хэсэг болон төсөлд Хяналтын сонсголыг хүчинтэйд тооцох 32 дугаар зүйл буюу “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд, түр хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэсэн зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төслийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь нь дэмжив.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 45.3-ыг “Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 45.2-т заасны зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжсэн.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.