Баяр наадмын урлагийн тоглолт наадамчдын төдийгүй зочдын талархлыг хүлээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-11 17:42:25

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж наадамчин зон олны төдийгүй гадаадын жуулчин гийчдийн талархлыг хүлээсэн онцгой сайхан урлагийн тоглолт болов.

Монгол Улсын түүхийн хамгийн онцгой 4 мөчлөгийг харуулсан хойч үедээ сургамжтай түүхэн үг хэллэгэр их хаадуудтай уулзах торгон агшин наадамчин олонд тохиож, олны талархлыг зүй ёсоор хүртэв.Энэ удаагийн нээлт аргагүй л Төрийн соёрхолт , мэргэжлийн найруулагч хүний зохиомж, найруулга болж чадсан хэмээн энэхүү тоглолтын талаар цахим орчинд түгсэн мэдээлэл, сэтгэгдлээс тодорхой харж болно. 

Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч нээлтийн тоглолтоор Төрт улсыг үндэслэгч Хүннү гүрэн, Чингис хааны Их Монгол Улс болон Үндэсний тусгаар тогтнолоо зарласан YIII Богд Жавзандамба хутагтын хэмжээгүй эрхт хаант Монгол улс, 1921 оны Ардын хувьсгалыг оройлон манлайлагч Д.Сүхбаатар жанжин гээд түүхийн жимээр хоромхон зуур аялуулж Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түүхэн цаг үеийн хаадыг хэсэгхэн зуур "уулзуулсан" нь олимпийн наадмын нээлттэй зүйрлэхээр байв. Мөн “марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжээс үзүүлж, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг толилуулсан нь энэ жилийн наадмыг үнэхээр өвөрмөц содон болгож чадлаа.

2016 оны Үндэсний Их баяр наадмын нээлт Монгол үндэстний туулж өнгөрүүлсэн түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулсан төдийгүй ирээдүйд хэрхэн мандан бадрах хувь заяатай ард түмэн гэдгийг итгэл дүүрэн илтгэсэн юм. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэрэг армийн 600 гаруй ахлах офицер оролцож гайхалтай мартагдашгүй үзүүлбэр,  тоглолтоор наадамчин олондоо бэлэг барьлаа.

Энэхүү содон наадмын нээлтийн тоглолтын бүжгийг найруулагч Г.Ган-Очир дэглэсэн бол  хөгжмийг хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат бичжээ. Энэ хосгүй түүхэн өгүүлэмж бүхий урлагийн тоглолтоос өнөө цагийн залуу үеийнхэн улс орон, удам судраараа бахархах сэтгэлийг бадраахын ялдамд хийж бүтээх их урам зоригийг хайрлаж, эрч хүч нэмсэн гэдэгт Монгол түмэн итгэл дүүрэн байна.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ