А.Ариунзаяа: 1.9 их наяд төгрөгийн зээл олгож 104.6 мянган ажлын байрыг хадгалсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-19 21:02:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх” Засгийн газрын мэдээллийг сонсов.  


Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтад иргэд, олон нийт хамрагдаж, нийгэм болон өөрийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө идэвх санаачилгатай байхыг  уриалав. Тэрбээр, Монгол Улс нийт хүн амынхаа 17 хувийг вакцины III тунд хамруулснаар тохиолдлын тоог өмнөх сартай харьцуулахад 60 хувиар, эмнэлгийн орны ачаалал 40 хувиар буурсныг дурдаад, вакцин сөрөг нөлөөтэй гэж олныг зориуд төөрөгдүүлэх гэсэн сурталчилгаа явуулж байгаа нь нийгмийн  эрүүл мэндийн эсрэг үйлдэл, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.


Ингээд “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх” Засгийн газрын мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  танилцуулсан.  


Үндэсний статистикийн хорооны 2021 оны II улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая 124 мянган хүн байгаагийн 1 сая 207 мянга нь ажиллах хүч, 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны IV улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны I улиралд 8.8 хувь, II улиралд 8.4 хувь болсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод ажиллах хүчний оролцооны түвшин 2019 онд 60.5 хувь, 2020 онд 58.8 хувь 2021 оны II улиралд 56.8 хувь болж сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 49.0 хувь байгаа нь эрэгтэйчүүдээс 16.7 пунктээр бага байгааг дурдав.

 

Монгол Улс 2020 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн бусад улс орны нэгэн адил коронавируст халдварын цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засаг, нийгмийн хүнд нөхцөл байдал, сорилтуудтай тулгарч байгаа хэдий ч ажлын байрыг хадгалах, хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ажилласан гэв.

 

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 1.9 их наяд орчим төгрөгийн зээлийг 25.0 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгож, 104.6 мянган ажлыг байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн гэсэн тооцоо судалгаа байна. Энэ нь ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох оновчтой арга хэмжээ болсон тул цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны улсын төсөвт тодорхой санхүүжилт тусгасан. Аж ахуйн нэгж, даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэл, торгууль, алдангиас чөлөөлсөн нь ажил олгогчид санхүүгийн болон ажлын байраа хадгалахад дэмжлэг болсон бол иргэдэд шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх боломжийг бүрдүүлсэн. 2020-2021 онд 38.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 579.9 мянган даатгуулагчийг 873.8 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 917.9 тэрбум төгрөгийн чөлөөлөлт, дэмжлэгийг үзүүлсэн гэдгийг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ онцолсон.


Мөн тэрбээр, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн, цахилгаан, усны төлбөрийг тэглэсэн зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн нь шууд болон шууд бусаар өрхийн орлогыг огцом бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлсэн. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулсан. Хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, уртын ээлжээр ажиллах болон ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгохтой холбоотой харилцааг шинээр зохицуулсныг мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.



Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөлд дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг тусган боловсруулж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.


Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван үндсэн хөтөлбөрийн 24 арга хэмжээг шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шинэчлэл нь ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангах мөн цар тахлын үед үйлдвэрлэл, үйлчилгээ, мал аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаагаа сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох, ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалахад чиглэсэн гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.  


Эдгээр хөтөлбөр, арга хэмжээнд энэ онд 24.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилан зарцуулж байна. 10 дугаар сарын байдлаар 19.2 мянган хүнийг хөтөлбөрт хамруулж, 3607 байнгын, 7545 түр болон цагийн ажлын байр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгодог жижиг зээлийн хэмжээг 20.0 хүртэл сая төгрөг байсныг 50.0 хүртэл сая төгрөг, иргэнд олгодог санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 5.0 хүртэлх сая төгрөг байсныг 10.0 хүртэл сая төгрөг болгон тус тус нэмэгдүүлээд байна. Тус яамнаас 18-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцгойлон анхаарч холбогдох яамдтай хамтран залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Энэ онд 2327 залууст ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх багц сургалтыг зохион байгуулан одоогийн байдлаар 1577 залуусыг ажлын байранд дадлагажуулж, 357 залуусыг ажлын байраар хангаад байна гэв.


Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчилж, хүнс тэжээлийн дэмжлэг авч буй өрхийн мэдээллийг нягтлан, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр 5766 өрхийн 33660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлж, улсын төсвөөс жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсний зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан зарим үйлчилгээнд заавал хамрагдах нөхцөл тавьж, 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан. Цахим шилжилтийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой удирдах, бодлогын шийдвэр гаргахад их өгөгдөлд тулгуурласан тооцоолол, шийдлийн хувилбартай байх боломжийг бүрдүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг туршин нэвтрүүллээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем “E-JOB” платформ, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгааны системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцолсон. 

 

Цаашид хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хэдэн хэдэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр дэвшүүлжээ. Тухайлбал, “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн зах зээлийн ойрын, дунд, урт хугацааны эрэлт, нийлүүлэлтийг системийн динамик загварыг ашиглан оновчтой тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэй ажиллах хүчийг хөгжүүлж бэлтгэхээр төлөвлөснийг мэдээлэлд дурдсан байв.


Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох төдийгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг цахимжуулж, үр дүн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ. 


Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад орон нутгийн захиргааны байгууллагын санаачлага, оролцоо, үүргийг нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдсан цалин хөлсийг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгож, бүтээмж, үр дүн, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх салбар дундын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэр гадаад ажилчдын  ажлын байрны төлбөрийн орлогоос шууд хамааралтай байдлыг өөрчилж, улсын төсвийн болон бусад холбогдох эх үүсвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл баримталахын зэрэгцээ томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүчнээс гадуур байгаа хүний нөөцийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын бүртгэл, мэдээллийг бий болгож, албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайдын мэдээлэлд дурдсан байв.


Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, А.Адьяасүрэн, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авлаа. 

Холбоотой мэдээ