Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-19 21:05:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.


Хуулийн төслийн талаар Ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй  саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүллээ.Тухайлбал, төслийн 23 дугаар зүйлд 23.6.“Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлтэй зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр гадаад ажилтан авч ажиллуулж болно.” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь  дэмжив. 

 

Мөн төслийн 26 дугаар зүйлийн гарчгийн “Гадаад ажилтан авч ажиллуулах” гэснийг “Гадаад ажилтныг урих зөвшөөрлийг” гэж, 26.1 дэх хэсгийн “гадаад ажилтан авч ажиллуулах эрхийг” гэснийг “гадаад ажилтныг урих эрхийг” гэж, 26.1.3 дахь заалтын “энэ хуулийн 24-т” гэснийг “энэ хуулийн 23.3, 24.3, 24.4, 24.5-д” гэж тус тус өөрчилж, төслийн 26 дугаар зүйлд 26.1.4,  26.1.5 буюу “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1.1, 10.1.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон”, “энэ хуулийн 27.1-д заасны дагуу зөвшөөрлөө цуцлуулсан.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 


 Харин 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “эсхүл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэснийг болон 32.1.3 дахь заалтыг тус тус хасч, 32.1.5 дахь заалтын “хуурамч баримт бичгээр бүртгүүлсэн,” гэсний дараа “худал мэдүүлсэн” гэж нэмж, төслийн 32 зүйлд  32.1.7 “32.1.7.хуульд заасан бусад.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

 

Түүнчлэн төслийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн “Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага,” гэсний дараа “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл,” гэж нэмж, 38.3 дахь хэсгийн “зөрчлийг шийдвэрлэх” гэснийг “зөрчлийг арилгуулах” гэж өөрчилж, төсөлд  39.2.1, 39.2.2 дахь “дүрмийн зорилгод ажилтан, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг тусгасан байх;”, “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бол Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалтыг “гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, сургалтын төвд хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах, хяналт тавих, холбогдох журмыг баталж мөрдүүлэх;” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив. 


Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ