Найман сая толгой мал отроор өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-21 16:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар, энэ өвөл төвийн бүсэд хамгийн олон буюу 30 сая толгой мал өвөлжинө. Баруун 5 аймагт 15 сая толгой мал, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9 сая, нийтдээ улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжинө. Отроор өвөлжих малын тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 9 саяар буурах тооцоо гарчээ.


Учир нь энэ жил нийт нутгийн 80 хувьд ургамлын гарц их, зуншлага сайн байв. Тиймээс отор нүүдэл хийх малчдын тоо багасаж буй талаар мэдээлж байна. Энэ өвөл 19 мянган өрхийн 8 сая толгой мал отрын бүс нутагт өвөлжиж, дийлэнх хувь нь сум, орон нутагтаа өнжинө. Өнөөдрийн байдлаар өвс тэжээлийн нөөцийг малчдын хувьд 90 орчим хувиар бэлтгэж нөөцөлжээ. Аймаг, нийслэл, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц 65 хувьтай байна.



Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 84 хувь хангагджээ.


Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ өвөл Хөвсгөл, Архангай, Завхан, Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт бэлчээрийн ургамлын гарц тааруу өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Говийн аймгуудад хур тунадас их орох, урт хугацаагаар хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн баруун аймгууд харилцан адилгүй байхыг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ