Ш.Адьшаа: ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгох асуудлыг улс төрөөс ангид байлгах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-22 16:21:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг сонгон шалгаруулж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан тухай УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар өнөөдөр мэдээлэв. 


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оноос хойших алдаа дутагдлыг засах сайн хууль болсныг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээллийн эхэнд тодотгоод, гэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсонд харамсаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ шударга шүүхийг бий болгох, хараат бусаар ажиллах, хонгилын шүүхийг арилгах реформ хийх зорилго агуулсан. ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-аас нээлттэй сонсгол хийж томилох нь зөв. Гэвч хуулиар, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахын зэрэгцээ ахлагчийг нь УИХ-аас томилж байгаа юм. Ингэхдээ, ажлын багт УИХ-д суудалтай нам, эвслийн төлөөлөл оролцож байгаад санал нийлэхгүй байгаа юм. Энэ нь шүүхийг улс төрөөс ангид байлгах зарчимтай нийцэхгүй. Олонхын намаас сонгогдсон дарга сонгон шалгаруулах ажлын багийг байгуулж байна. Би сонгон шалгаруулсан хүний тухай биш, энэ тогтолцооны гажуудлыг хэлэх гэсэн юм. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй болохоос биш шүүх эрх мэдлийн томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-аас томилогдсон хүмүүс хараат бусаар ажиллах эсэхийг эргэцүүлж үзэх шаардлагатай” хэмээв. 


Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуульд Засгийн газрын санал болгосноор шүүхийн бүх төсөв, хөрөнгийг УИХ баталж байгаа асуудлыг шүүмжлэв. Ингэснээр, шүүхийн томилгоо, төсөв хөрөнгийн асуудал нь УИХ, Засгийн газраас хамааралтай болж байгаа тогтолцоог засах шаардлагатайг дурдав.


Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох асуудлыг авч хэлэлцэх, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг УИХ-ын гишүүн Н.Ганибал тэмдэглэв. Тэрбээр, “Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх ёстой гэдгийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал харуулж байна. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газар идэвхтэй ажиллаж байх үед гишүүд нь давхар дээлтэй байж болохгүй гэх үндэслэлээр огцруулж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн биш, харин Боловсрол, шинжлэх ухааны сайд давхар дээлтэй байгаа юм. Эрүүл мэндийн төсөвт дэлхий нийт анхаарч байгаа энэ үед Боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсөв, бодлогыг ямар зөрүүтэй байгааг харьцуулж харах хэрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тогтолцоог хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ