Хөдөлмөрийн тухай шинэ хуулийг Ховд аймагт сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-23 17:37:09

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийг ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Үүнтэй холбогдуулан “Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалтыг энэ сарын 22, 23-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн нийгмийн түншлэгч талууд, аж ахуйн нэгж байгууллага, холбогдох газруудын төлөөлөл 80 орчим хүн оролцож,  Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгасан зохицуулалтын талаар мэдлэг, мэдээлэлтэй болов.

Сургалтын зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажилласан. Улмаар холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг нарийвчлан танилцуулж, тухайн хуулийг дагаж мөрдөхөд анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо.

Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос жилд 180 орчим хүнд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоо бүхий үйлчилгээ үзүүлж байна. Мөн жилд дунджаар хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалттай холбоо бүхий 15-20 асуудлыг хуулийн хүрээнд, зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж буй.  

Сүүлийн үeд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зөрчилдөөн гарч, маргаан үүссэн тохиолдолд ихэвчлэн эвлэрүүлэн зуучлах арга, ажиллагааг хэрэглэж байгаа нь нэлээд үр дүнтэй байна. Цаашид мөн талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад анхаарч ажиллана. Удахгүй хэрэгжих шинэ “Хөдөлмөрийн тухай хууль”-д эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга, хэлбэрийг сонгох тухай бүх шатанд тусгасан нь сайшаалтай гэж Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал хэллээ. 

 

Холбоотой мэдээ