Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.
Энэ сарын
16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн Хан-Уул дүүргийн газар зохион
байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжилсэн юм. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг анх 2001 онд баталж байсан бөгөөд
2012 онд тодотгол хийснээс хойш
19 жилийн дараа шинэчлэн боловсруулж байгаа аж. Ингэхдээ хөдөө аж ахуйн газар, хот тосгон, суурин эдэлбэр газар, зам, шугам
сүлжээний, ойн сан бүхий,
усан сан бүхий, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөжээ.
Газар
зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай энэ үеэр “Ирэх жилүүдэд газрын харилцаатай
холбоотой хийх ажлаа зөв
төлөвлөснөөр хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан
ёсны төлөөлөгчдөөр дамжуулж саналыг нь тусгана. Ирэх оны 1 дүгээр
сарын нэгнээс шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр
газар, хот байгуулалтын
асуудлыг шийднэ” хэмээв.
Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт,
төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд “Энэ удаагийн
газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын
2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдсэнээрээ онцлог. Нийслэлийн газрын бодлого ирэх 16 жилд ямар байх нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь
шинэчлэгдэж байна. Шинжлэх ухаанч арга
зүй, ололт амжилтыг ашигласнаар шинэлэг
ерөнхий төлөвлөгөө болж байгаа. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын
үнэлгээгээр иргэдэд өмчлүүлэх болон олгох
газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр
олгох газрын нөөц нэмэгдэнэ. Манай
улсад мөрдөж буй стандартаас давсан, нягтрал ихтэй төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин сургууль,
цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэх чиглэлээр газар олгоно. Бусад зориулалтын барилга,
байгууламжид газар олгохыг
хориглох байдлаар төлөвлөгөөг батална”
гэв.
Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган,
газар чөлөөлсөн бол энэ онд 1000 орчим гарааш буулган, газрыг чөлөөлжээ. Ирэх онд үлдсэн 5700 орчим
зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөөд байна. Гараашнууд голдуу
сургууль, цэцэрлэг, эмнэлэг тойрсон
байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах
нөхцөлийг алдагдуулдаг. Иймд эдгээр
гараашийг буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол барьж, орц, гарцыг нээх аж.