Хятадад төрөлтийн түвшин буурчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-11-24 15:10:41

БЭЭЖИН. /AFP/. Хятад улсад өнгөрсөн онд төрөлтийн түвшин урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч буурчээ. Тус улсын эрх баригчид гэр бүл төлөвлөлтийн хамгийн хатуу чанд зохицуулалтуудын нэгд тооцогддог “нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо” 2016 оноос сулруулж, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.


Мөн энэ оны эхэн үеэс гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэрийг гаргажээ. Гэвч амьжиргааны зардал нэмэгдэж, эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэрийг өөрсдөө гаргах нь түгээмэл болсон тул ийм өөрчлөлтүүд нь дорвитой үр дүнг авчраагүй байна.


Өнгөрсөн онд Хятад улсад 1000 хүн тутамд 8.52 төрөлт бүртгэгдсэн нь энэхүү үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1978 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болсон талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2021 оны Статистикийн жил тутмын тайланд дурджээ. Тодруулбал, энэ нь өмнөх оныхоос 1.89-өөр буурсан үзүүлэлт болсны сацуу 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн сул үзүүлэлт болсныг тус улсын Статистикийн үндэсний хорооноос мэдээлжээ. 


Мөн 2020 онд улсын хэмжээнд батлуулсан гэрлэлтийн тоо сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлтэд хүрч, ердөө 8.14 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин гэр бүл цуцлалтын тоо өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлжээ. Хятадад 2020 оны эхэн үеэс гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад харилцаагаа шийдвэрлэх 30 хоногийн хугацаа олгодог болсон ажээ. 

Холбоотой мэдээ