Эрчим хүчний төслүүдэд Энэтхэг Улс хамтрах боломж нээлттэй байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-25 14:21:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 


Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн дэлгэрэнгүй ярилцав.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх боомтуудын хүчин чадлыг нэмэх, тээвэр ложистикийн дэд бүтцийг сайжруулах болон эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулж, эдгээр төсөлд Энэтхэг Улс хамтрах боломж нээлттэй байгааг хэллээ.


Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нь гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус тус улсад боловсрол эзэмшиж буйд баяртай байгааг илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарт түлхүү чиглүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ