Эмийн компаниуд вакцинаа шинэ хувилбарын эсрэг туршиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-27 11:33:40

ВАШИНГТОН. /CNBC/. COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгч томоохон компаниуд коронавирусний хувьсан өөрчлөгдсөн шинэ хувилбар вакцинуудынх нь үр дүнд хэрхэн нөлөөлж буйг судалж эхлээд байна. 


Баасан гарагт ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” үсгээр нэрлэж, вирусний өмнөх мутациудтай харьцуулахад дахин халдварлах эрсдэл нь өндөр байж болзошгүйг харгалзан “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм.


Анх “B.1.1.529” гэж нэрлэж байсан “Омикрон” хувилбарын талаар нарийвчилсан судалгаа хийж байгаагаа “Pfizer”, “Biontech” компаниуд баасан гарагт мэдэгдээд, шаардлагатай тохиолдолд вакцинаа өөрчлөх боломжтой гэсэн байна. 


Тодруулбал, нарийвчилсан судалгаа шинжилгээгээр хувилбар дархлаанаас зугтах шинж чанартай болох нь тогтоогдвол матрицын РНХ-д суурилсан вакцинаа зургаан долоо хоногийн дотор өөрчилж, эхний багцуудыг 100 хоногийн дотор нийлүүлж эхлэх ажээ.


Мөн “Johnson & Johnson” компани вакцинаа шинэ хувилбар эсрэг туршиж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. “Бид шинээр үүссэн хувилбарыг анхааралтай судалж, түүний эсрэг вакцины үйлчлэлийг турших ажлыг эхлүүлсэн” гэж тус компаниас мэдээлжээ.


AstraZeneca” компанийн хувьд мөн “Омикрон” хувилбарыг нарийвчлан судалж байгаагаа мэдээлээд, Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлсэн бидний вакцины платформ нь шинэ мутациудын эсрэг хурдан хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн гэв.


Moderna” компани баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, шинэ хувилбарын мутациудын хослол нь байгалийн болон вакцины өдөөсөн дархлааны сулрах явцыг түргэтгэх эрсдэлтэй болохыг онцлоод, одоогоор хэрэглэж буй вакцинуудын нэмэлт тунг тарих нь суларсан дархлааг сайжруулах цор ганц арга болоод байна гэв. Тус компани нь “Омикрон” хувилбарын эсрэг өдөөгч тунгуудыг туршихаас гадна уг хувилбарт зориулсан нэмэлт тунг гарган авахаар төлөвлөж байгаа ажээ.


Өмнөд Африкт анх илэрсэн энэ хувилбар нь 50 орчим мутацитайгаас 30 гаруй нь вирусийг хүний эстэй холбодог өргөс уурган дээр байгаа юм байна. Одоогоор шинэ хувилбарын дэгдэлт дөнгөж эхэлж байгаа тул вакцинд хамрагдсан хүмүүсийг хэр хүндээр өвчлүүлэх нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Европ, Азийн хэд хэдэн орон Африкийн өмнөд хэсгийн орнуудтай нислэгээ түр зогсоогоод байна. 

Холбоотой мэдээ