Шилдэг үсчин, гоо засалч шалгаруулах тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-27 13:52:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газаас санаачлан тус аймгийн үсчин, гоо засалч, хумс засалчдын уралдааныг Өлгий хотод энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Үсчин, гоо засалчдын ур чадварыг хөгжүүлэх, дотоодын болон гадаадын уралдаан, тэмцээнүүдэд бэлтгэх зорилготой уг ажлыг зохион байгуулахад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, Монгол Улсын үсчин, гоо заслын мэргэжлийн холбоо, аймгийн Үсчин, гоо сайханчдын холбоо, "Лонда" сургалтын төв хамтран ажиллажээ.

Уралдааныг эрэгтэй үсний өдөр тутмын засалт, хэлбэржүлэлт, зураглалтай засалт, эмэгтэй үсэнд салоны загварын тайралт, хэлбэржүүлэлт хийх, долгионтой задгай самналт, хуримын нүүр будалт, хумс засал, зураглал гэсэн 6 төрлөөр явуулсан бөгөөд Дэлхийн үсчин, гоо заслын холбооны шүүгч, “Londa” сургалтын төвийн захирал Ж.Пүрэвсүрэн тэргүүтэй мэргэжлийн шүүгчид шүүлээ.

Тус аймагт анх удаагаа зохион байгуулсан уралдаанд 50 гаруй үсчин, гоо засалч оролцсон байна.

Уралдааны нэгдсэн дүнгээр эрэгтэй өдөр тутмын үс засалт болон зураглалтай засалтын төрлүүдээр "Жак" салон, хуримын нүүр будалтын төрлөөр "Ару" салон, эмэгтэй үсэнд салоны загварын тайралт хийх, долгионтой задгай самналт хийх төрлүүдээр "Фламинго", хумс засалтын төрөлд "Асем" салоны үсчин, гоо засалчид тэргүүлж, алтан медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Ташрамд дурдахад, Үсчин, гоо засалчдын баруун бүсийн тэмцээнийг 2022 онд Баян-Өлгий аймагт зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ