И.Доржсүрэн: Малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлснээр энэ жил өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл үүсэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-11-27 14:44:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 03/06 дугаар тогтоолоор 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйг бодлогоор дэмжих, мал аж ахуй, газар тариалангийн  үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 4 зорилт, 67 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ.

Зорилтот жилийн ажлын үр дүнг Ажлын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээс тодруулав.

 

- “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлыг ахалж ажилласан хүний хувьд нэн тэргүүнд ямар асуудалд анхаарсан бэ?

- Энэ тухайд хэд хэдэн асуудлыг дурдаж болно. Сүүлийн арваад жилд манай аймгийн нутаг дэвсгэрт газрын гарц тааруу байснаас шалтгаалан бэлчээрийн даац хэтэрсэн. Үүний улмаас малчид байнгын отор нүүдэл хийж байна. Өвс тэжээлийн хүрэлцээ бага, үнэ өндөр байна. Мөн малчдын дунд ямар нэг зохион байгуулалт байхгүй, малын гаралтай түүхий эдийн боловсруулалт хангалтгүй, жилийн гурван улиралд махны хомсдолтой, газар тариалангийн хувьд усалгаа бүрэн шийдэгдээгүй, трактор техникийн дутагдалтай гэхчлэн олон асуудал бий.

Үүнийг зорилтот жилийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэхэд мөнгө санхүү, цаг хугацааны хувьд хүрэлцэхгүй ч үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Бидний гол анхаарсан зүйл бол хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, үүний нөлөөгөөр газрын гарцыг сайжруулж, малдаа тарга авахуулах, өвс хадлангаа өөрийн нутгаасаа бэлтгэх, малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх ажил байсан. Аймгийн УЦУОШГ-аас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 78 удаа зохион байгуулсны үр дүнд 4 дүгээр сараас эхлэн хангайн сумдаар, 5, 6 дугаар сараас говийн сумдад зөөлөн бороо орж,  ургамал ногоо сүүлийн хэдэн жил гараагүйгээр ургалаа. Энэ жилийн хур тунадасны хэмжээг 160.1 сая тонн ус буюу 60 мм хур тунадасаар нэмэгдүүлсэн гэдэг тоо баримтыг бидэнд ирүүлсэн. Дараа дараагийн жилүүдэд энэ ажлаа улам эрчимжүүлнэ.

Аж ахуйн нэгжүүд 2019 онд 730 га-д, 2020 онд 2300 га-д малын тэжээл тариалж байсан бол 2021 онд 40 хувиар нэмэгдүүлж, 5635.8 га талбайд тариалсан. Мөн “Өв-Агро гурил тэжээлийн үйлдвэр” орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд нь төсвөөс 360 сая төгрөг зарцуулан 465 га талбайд малын ногоон тэжээл тариалсан. Эндээс аймгийн аюулгүй нөөцийг 100 хувь, сумдын нөөцийг 60 хувь хангалаа.

Малчид өвөлжөө, хаваржааныхаа  дэргэд 0.1 га газарт төмс, хүнсний ногоо, малын тэжээл, олон наст ургамал тариалах хууль, эрх зүйн үндэслэл байдаг юм байна. Үүнийг малчдад ойлгуулж өгснөөр 19 сумын 620 гаруй малчин өрх малын тэжээл тариалж, 500 тонн тэжээл хурааж авсан байна. Мөнгөн дүнгээр тооцвол малчид маань 200 орчим сая төгрөгийг хэмнэж чадсан гэсэн үг. Малын тэжээлийн тариалалтыг ийнхүү нэмэгдүүлснээр энэ жил өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл үүсэхгүй, малчид отор нүүдлээр хол газар явж зутрахгүй болов уу гэсэн дүгнэлтэд хүрч байна.

- Малчдыг дэмжсэн ямар ажлыг хэрэгжүүлсэн бэ?

- Малчдыг хөдөлмөрөөрөө хорших арга барилд сургах, эрүүл мэндэд нь анхаарах, ажлыг нь хөнгөвчлөхөд чиглэсэн тодорхой ажлуудыг хийлээ. Аймгийн нарийн мэргэжлийн эмч нар болон ЭМГ-ын ажилтнуудын баг бүтэн сарын турш хөдөө багуудад ажиллаж, 10 мянга орчим зорилтот бүлгийн малчин, тариаланчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Сумын төвөөс алслагдмал, тэр болгон эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй хүмүүсийн нэрсийг сумдын ЭМТ-өөр урьдчилан гаргуулж, “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмаар ажиллалаа.

Малчид өөр хоорондоо ямар нэгэн уялдаа холбоогүй байгаад дүгнэлт хийж, Булган, Хэнтий аймаг малчдыг аравтын зохион байгуулалтад оруулсан сайн туршлагыг өөрийн аймагтаа нэвтрүүлж байна. Хэд хэдэн суманд малчид ах дүүсээрээ, найз нөхдөөрөө нийлэн 10-15 өрхийг нэгтгэж, “Малчны аравтын бүлэг”-ийн зохион байгуулалтад орсон. Малаа ноослох, эсгий хийх, хадлан авах, өвөлжөө, хаваржаагаа сэлбэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо нэмэгдүүлэхэд хөдөлмөрөөрөө хоршиж ажиллах нь давуу талтай юм.

Мөн хүүхдийн “Хөдөлмөр зуслан”-г орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн сэргээж, олон малтай малчин өрхөд дунд, ахлах ангийн сурагчдыг аваачин сааль саах, ноос хяргах, цагаан идээ хийх, мал маллах ажилд оролцуулж, амьдрах ухааны мэдлэг олголоо. Эдгээр ажлуудыг дараа дараагийн жилд хэрэгжүүлээд явах юм бол илүү өргөн дэлгэр болно гэж үзэж байна.

- Бэлчээрийн даац хэтэрч байгаа нь хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлын нэг байх. Үүнд ямар арга хэмжээ авсан бэ?

- Аймгийн бэлчээр ашиглалтын журмыг гарган мөрдүүлж байна. Уг журамд хэд хэдэн зохицуулалтыг тусгасан. Сумдад бэлчээрийг ашиглаж, хамгаалахтай холбоотой хөрөнгө зардлаа малын тоо толгойн албан татварын орлогоосоо гаргаж, усжуулах, хашиж хамгаалах шаардлага тавьж байгаа. Энэ жил 800 сая төгрөгөөр нийт 48 худаг гаргаж, усалгаатай бэлчээрийг 70 мянган га-аар нэмэгдүүлсэн. Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд бэлчээр чөлөөлөх арга хэмжээг авсан. Сум дундын отрын бүс нутгийг нэмэгдүүлж, 730.0 мянган га болгосон. Цаашид дээрх журмыг мөрдөж бэлчээр болон отрын бүс нутгаа хамгаалах, ариг гамтай ашиглах, сайжруулахад бүх талаас анхаарах хэрэгтэй. Бэлчээрийн даац хэтэрснээс шалтгаалж малчид отор нүүдлээр явдаг. Хэдийгээр энэ нь малаа онд мэнд оруулах үндсэн арга ч гэлээ, хүний нутагт очиж бэлчээр, уснаас нь хомсолж сууна гэдэг тийм ч сайн зүйл биш.

- Мал аж ахуйтай холбоотой зарим үйлчилгээг цахимжуулснаар ямар үр дүн гарч байгаа вэ?

- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах” туршилтын төслийг Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин-Ус суманд хэрэгжүүлж, нийт 798 өрхийн 196357 толгой малыг ялган тэмдэглэж, системд бүртгэсэн.  Мөн малд хийсэн тарилга, туулгыг цахим бүртгэлд оруулснаар мал, махны гарал үүслийн  гэрчилгээг иргэдэд чирэгдэлгүй олгох, малын тоо толгойн болон шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан хянах улмаар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн Монголын хоолойн тэмээ, Тээлийн улаан ямаа зэрэг нутгийн шилмэл малыг омог болгон батлуулахаар Мал аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Г.Сувдаагаар ахлуулсан бүрэлдэхүүнийг ажиллуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өглөө. Ингэснээр тухайн нутгийн тэмээ, ямааны мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зах зээлд харьцангуй өндөр үнэлгээтэй болох боломж бүрдэнэ. Малчид сүүлийн үед малын индексжүүлсэн даатгалд сайн хамрагдаж байна. Даатгалд хамрагдсанаар тухайн сумын малын хорогдол 6 хувьд хүрвэл хохиролд нөхөн төлбөр өгдөг. 2021 оны хувьд малчид даатгалаас 100 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлбөрт авна.

- Зорилтот жилийн хүрээнд үйлдвэрлэл хэр өргөжсөн бэ?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, хөнгөлттэй зээлд хамруулах зэргээр дэмжиж ажиллалаа. ХНХЯ-наас Политехник коллежид 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ноос боловсруулах тоног төхөөрөмж нийлүүлсэн бол "Ноос-Ирээдүй" ХХК  дэргэдээ хоёр тэрбум төгрөгийн өртгөөр арьс шир угаах, боловсруулах үйлдвэр байгуулж байна. Хувийн хэвшлээс тос боловсруулах, яс боловсруулах үйлдвэрүүд барих байсан ч хилийн хорио цээрээс хамаарч, ирэх онд байгуулахаар болсон.

Бид зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа мэдээллийн төрөл бүрээр тайлагнаж байгаа. Төр засаг, аймаг, орон нутгаас хөдөө аж ахуй руу анхаарал хандуулж байна гэх ойлголт малчид тариаланчдад бий болж, тэр хэрээр урам зориг авсан болов уу гэж бодож байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

Холбоотой мэдээ