О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” Их дуулгад түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын нийслэлд энэ сарын 26-28-нд болсон “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ.
Монгол Улс баг тамирчид тус тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3 дугаар байр эзэллээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг
жинд хүч, ур чадвараа сорьсон О.Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд Гранд слам
ангиллын мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Владут Симионескуг 3:30 минутад
мордох мэхээр цэвэр ялж Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа.
Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ-20-д дэвшихээр
боллоо.
Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө 2021 оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдаж 5 дугаар байр эзэллээ.
Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 41 орноос 3 дугаар байр эзэлж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.