Нефтийн үнийн савлагаа – Байдены шийдвэр ба омикроны нөлөөлөл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-11-30 23:08:47

Шатахууны үнийн огцом өсөлтийг тогтоон барихын тулд улсынхаа стратегийн нөөцөөс 50 сая баррель нефтийг зах зээлд нийлүүлэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт гаргасан билээ. Үүнийг Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Их Британи зэрэг газрын тосны томоохон хэрэглэгч улсууд санал нэгтэй дэмжээд, мөн адил үүцэндээ гар хүрэхээр шийджээ.  


Гэсэн хэдий ч нефтийн үнэ 81 долларт хүрсэн нь стратегийн нөөцөө ашиглан зах зээлийн хэт халалтыг хянах боломжтой гэсэн шийдлийг эргэлзээтэй болголоо. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш нефтийн үнэ тогтмол өссөөр 10 дугаар сарын сүүлчээр АНУ-д нэг баррель нь 86 доллароос давсан юм. Энэ бол сүүлийн 7 жилийн хугацаан дахь хамгийн дээд үнэ.


Омикроны нөлөөлөл


Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр коронавирусний омикрон гэдэг хувилбар тархсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ 72 доллар болтлоо огцом унаад /11-13%/ одоо эргээд өсөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Байдены сэдсэн зүйлийг ковид гүйцээчихлээ гэж гадаадын хэвлэлүүдэд ёгтлон бичиж байв. Гэхдээ одоохондоо омикронтой холбоотой эрсдэл яг бодит байдлаар илрээгүй, ердөө хэвлэлүүдийн дэгдээсэн дуулианаар дамжин сэтгэлзүйд нөлөөлөх хэмжээнд байна. Эргэн сануулахад, энэ оны зун Энэтхэгт коронавирусний дельта хувилбар тархах үед нефтийн үнэ 8 хувиар унаж, долоо хоногийн дараа буцаад өмнөх түвшиндээ хүрч байв.


Асуудлыг тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ДЭМБ хуралдаж, Африкийн өмнөд хэсэгт шинээр илэрсэн коронавирусний В.1.1.529 хувилбарыг грек цагаан толгойн үсгээр “омикрон” гэж тэмдэглэх шийдвэр гаргалаа. Уг хувилбар олон удаа мутацид ордог тул өргөс хэлбэрт уурагт хэд хэдэн өөрчлөлт гарч, үүний улмаас эсрэг биетүүд өвчин үүсгэгчийг саармагжуулахад хүндрэлтэй болох ба вакцины үйлчлэл сулардаг байна. Гэхдээ одоохондоо шинэ хувилбарын талаарх тодорхой мэдээлэл ДЭМБ одоохондоо байхгүй байгаа бөгөөд омикрон хэр хөнөөлтэй болохыг тодорхойлоход хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ тодорхой болсон зүйл гэвэл, өмнө нь ковидын халдвар авч байсан хүмүүс омикроны халдвар авах магадлал илүү өндөр гэсэн нь санаа зовоож байна.


Зарим улсууд ӨАБНУ болон Африкийн бусад улсаас ирэх нислэгүүдийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан ба хэрвээ онгоцны түлшний зах зээл хараахан сэргэж амжаагүй байгаа энэ үед омикроны улмаас дахин хөл хорио тогтоох аваас, өөрөөр хэлбэл, 2020 оны хаврын карантин давтагдсан тохиолдолд нефтийн үнэ 30-40 доллар болтлоо унана гэж Оросын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч С.Кондратьев таамаглажээ.


Түүнээс гадна, улс орнууд стратегийн нөөцөөс нефть гаргаж зарснаар нийлүүлэлт хоногт 300 мянган баррелиар нэмэгдэх бол омикрон хувилбар тархсаны улмаас эрэлтийн хэмжээ хоногт 700 мянган баррелиар буурч магадгүй гэсэн тооцоог Оросын зах зээлийн шинжээч С.Пирогов хийсэн байна.   


Байдены шийдвэрийн нөлөөлөл    


50 сая баррель гэдэг бол АНУ-ын хувьд хоёр хоног хагасын хэрэглээ, харин дэлхий даяараа хоногт нийтдээ 100 сая баррель нефть хэрэглэдэг байна.


АНУ-ын Техас, Луизана муж улсууд дахь газар доорх нефть хадгалах байгууламжууд дэлхийд хамгийн томд тооцогддог. 12 дугаар сарын дундуур эдгээр нөөцийн савнаас тодорхой хэмжээний нефтийг гаргаж худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд зах зээлийг тогтворжуулахын тулд нөөцөөс дахиад нийлүүлэлт хийж болохыг Цагаан ордон үгүйсгэсэнгүй.

Түүнээс гадна, дэлхийн 4 дэх том худалдан авагч болох Япон улс 9 дүгээр сарын сүүлчийн байдлаар 145 хоногийн нөөцтэй байгаа аж. Гэтэл хуульд зааснаар 90 хоногийн нөөцтэй байх ёстой гэнэ. Ийм учраас төрийн мэдэл дэх нөөцийнхөө зарим хэсгийг, тодруулбал 5 сая баррелийг зах зээлд гаргаж байгаа бололтой. Түүнчлэн Энэтхэг улс стратегийн нөөцөөсөө 5 сая орчим баррелийг, Өмнөд Солонгос 3,5 сая баррелийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.


Нөгөөтэйгүүр халаалтын улирал эхэлж байгаа учраас хийн үнэ маш өндөр байна, энэ үед нефтийн бүтээгдэхүүнээр хийг орлуулах учраас үнэ нь бас л өснө. Огцом өсөлтийг зогсоох нэмэлт нефтийг стратегийн нөөцөөс хэр хурдан гаргах вэ гэдгээс олон зүйл шалтгаална гэдгийг Райффайзенбанкны ахлах шинжээч А.Полищук хэллээ. 


Шинжээчдийн дүгнэж байгаагаар, Байдены болон томоохон хэрэглэгч орнуудын шийдвэр нь богино хугацаанд л зах зээлд нөлөөлнө, учир нь бусад хэд хэдэн хүчин зүйл нефтийн үнийг өсгөж байгаа юм. Тухайлбал, цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаа, уламжлалт эрчим хүчний салбарын дэд бүтцэд оруулж буй хөрөнгийн хэмжээ хангалтгүй байгаа, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил төдийлөн сайнгүй байгаа гэх мэт шалтгаануудыг дурдаж болно.


Дэлхийн нефтийн нөөцийн 2/3-ыг хянадаг ОПЕК-ийн гишүүн орнуудад хандан олборлолтоо аль болох ойрын үед нэмэгдүүлэхийг Байден уриалж байсан билээ. Гэвч ОПЕК болон Орос зэрэг бусад улс /ОПЕК+/ энэ уриалгыг нэг чихээрээ ч сонсохыг хүсэхгүй байгаа бөгөөд “олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар өсгөнө гэсэн төлөвлөгөөгөө өөрчлөх төлөв алга. Тэдний үзэж байгаагаар, цар тахлын ээлжит давалгаа эхэлж, эрэлт буурах магадлалтай учраас олборлолтыг дээрхээс илүү ихээр өсгөх нь утга учиргүй юм.


Хэрвээ 12 дугаар сарын 2-нд хуралдах гэж буй ОПЕК+-ийн сайд нар олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлах аваас нэг баррель нефтийн үнэ 80 доллароос давна гэж шинжээчид таамаглаж байна. Харин 29-нд болох байсан тус байгууллагын мониторингийн хорооны хуралдаан омикрон хувилбарын нөлөөллийг тооцох үүднээс  хоёр хоногоор хойшилжээ.

Энэ удаагийн хуралдаанаар ОПЕК+ бүтцийнхэн олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ цуцалж, олборлолтоо танахаар шийдвэрлэж магадгүй юм. Энэ тохиолдолд томоохон хэрэглэгч орнууд стратегийн нөөцөөсөө нефть гаргаж худалдсаны үр дүн гарахгүй байж мэднэ” гэж Energy Aspects компанийн шинжээч Амрита Сен үзэж байна.

АНУ-ын эрх баригчдын шийдвэр бол юуны түрүүнд, бензиний үнийн асуудлыг шийдэхээр оролдож буй дүр эсгэсэн үйлдэл. Тэгээд ч энэ 50 сая баррелийг шууд зах зээлд гаргахгүй, хэдэн сарын хугацаанд нийлүүлэхээр төлөвлөж байгаа нь уг шийдвэрийн нөлөөллийг сулруулж буй хэрэг. Үүний сацуу, бензиний үнийг богино хугацаанд буулгана гэсэн Байдены амлалт бол өөрийн унаж буй нэр хүндийг аврах гэсэн улс төрийн алхам гэж шинжээчид үзэж байна. Учир нь, Ерөнхийлөгчийн рейтинг 6 дугаар сард 57 хувьтай байсан бол одоо 42 хувь руу унаад байгаа юм.


“Байденыг олон зүйл дээр шүүмжилдэг, түүний үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдаг, тэр тусмаа шатахууны үнэ өснө гэдэг бол жирийн сонгогчдод маш эмзэг тусдаг. Автомашины соёл АНУ-д маш хүчтэй хөгжсөн бөгөөд өнөөдөр америкчуудын бензиний хэрэглээ ковидын хямралын өмнөх түвшинд бараг хүрчихээд байгаа. Хүмүүс автомашинаараа зорчих нь ихэссэн үед бензиний үнэ огцом өссөн явдалд тэд сэтгэл дундуур байх нь ойлгомжтой”.

АНУ-д бензиний үнэ өссөөр


“Байдены хийсэн алхам нь дэлхийн томоохон хэрэглэгчид ба ОПЕК+-ийн хооронд өрнөж буй улс төрийн зөрчилдөөн цаашид улам хурцдах үе эхэлж байгааг харууллаа. Энэ нь нефтийн үнэ тогтворгүйтэх эрсдэлийг бий болгоно” гэж Eurasia Group компанийн шинжээч Хеннинг Глойштейн дүгнэжээ. 


Байдений шийдвэр нь зах зээл дэх нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж чадахгүй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд ОПЕК+ийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн эрмэлзэл нь мөн чанартаа бол "нефть хэрэглэгчдийг олборлогчдын эсрэг нэгтгэх гэсэн оролдлого" хэмээн ВВС-гийн тоймд дурдсан байна.  


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС, lenta.ru, ru.investing.com

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ