АРВАНДОЛОО ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Гал зогсоох тохиролцоог сунгаж, хэлэлцээг сэргээлээ

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-25 16:14:44

УЛААНБААТАР, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрх Дорнодод бараг хоёр сарын өмнө эхэлсэн дайныг зогсоохын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн элч нар болон Ираны Гадаад хэргийн сайдын тэргүүлсэн төлөөлөгчид Пакистаны нийслэл Исламабадад дахин хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирлээ. Хоёр долоо хоногийн өмнө болсон эхний хэлэлцээ бүтэлгүйтсэн бол энэ удаагийнх амжилтад хүрнэ гэж найдаж байгаагаа Цагаан ордон илэрхийлсэн байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Ормузын хоолойг бүслэн хаасан хэвээр байна 

Энхийн хэлэлцээр байгуулах хүртэл Ирантай хийсэн гал зогсоох тохиролцоог сунгана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Хэлэлцээрийг долоо хоногийн эхээр байгуулна гэж хүлээж байсан боловч төлөвлөсний дагуу болсонгүй. Гэвч Пакистан дахин хэлэлцээнд зуучлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ үеэр Америкийн цэрэг Ираны боомтуудыг бүслэн хааж, боомт руу явж байсан нэгэн хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсэг рүү гал нээжээ. Үүний сацуу Ираны тал Ормузын хоолойгоор хийж буй тээвэрлэлтийг саатуулсаар байна. Гурван хөлөг онгоц Ираны завины галлалтад өртжээ. Ираны тэнгисийн цэргийн хүчин “далайн тээврийн аюулгүй байдалд заналхийлсэн” гэх үндэслэлээр хоёр хөлөг онгоцыг саатуулсан байна.


Европын нэгдэлд үл итгэгч хүний удирдсан эвсэл Болгарын сонгуульд ялжээ 

Болгарын парламентын сонгуульд зүүний үндсэрхэг үзэлтнүүд болон популистуудын Дэвшилтэт Болгарэвсэл яллаа. Сонгуульд оролцохын тулд нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан, евроскептик буюу Европын нэгдэлд үл итгэгч Румен Радев тус эвслийг удирдаж байна. Европын Холбоо болон Орос улс сонгуульд ялсан Радевт баяр хүргэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон авлигын эсрэг олныг хамарсан жагсаал цуглааны дараа баруун төвийн үзэл баримтлалтай засгийн газар огцорсон юм.


Япон улс зэвсгийн экспортоо чөлөөлнө

Зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг сулруулж, гадаад орнуудтай хийж буй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ Японы засгийн газар мэдэгдлээ. Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэхдээ "дэлхий дахины аюулгүй байдлын орчин улам төвөгтэй болж байгаа үед ямар ч улс орон аюулгүй байдлаа дангаараа хангаж чадахгүй, батлан ​​​​хамгаалах технологийн салбарт түнш орнууд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай" гэсэн байна. Өнгөрсөн онд тэрбээр “хэрвээ Хятад улс Тайвань руу халдан довтолбол Японы тал өөрт нь халдсан хэмээн үзэж хариу арга хэмжээ авна” гэсэн агуулгатай үг хэлснээс хойш Япон-Хятадын харилцаа хурцдаад байгаа билээ. Такаичигийн үгний хариуд Хятадын тал “Японы шинэ маягийн милитаризм”-ыг эсэргүүцэх болно гэж мэдэгдсэн юм. Мөн Японы тал АНУ, Филиппиний жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилтад оролцож байгаад Хятад улс дургүйцлээ илэрхийлж, байлдааны хөлөг онгоцуудаа Окинавагаас хойд зүгт орших Японы Амами Ошима гэдэг арлын ойролцоох Ёкоате усан зам руу илгээжээ.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч эх орондоо ирнэ 


Гадаад байгаа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо энэ оны эцсээр эх орондоо буцаж очихоо мэдэгдээд, сонгууль явуулахын тулд одоогийн эрх баригчдад шахалт үзүүлэхийг АНУ-д уриалжээ. Тэрбээр Мадрид хотод болсон жагсаалд оролцох үеэрээ “Венесуэлийн ардчилсан хүчнийхэнд туслахгүй байгаа” Испанийн зүүний хүчний засгийн газрыг шүүмжилсэн байна.


Тайванийн удирдагчийн онгоцыг нутаг дээгүүрээ өнгөрүүлэхээс татгалзжээ 


Мадагаскар, Маврики, Сейшелийн арлууд улсууд Тайванийн удирдагч Лай Чин-те-гийн нисэх онгоцыг агаарын орон зайгаараа өнгөрүүлэхээс татгалзсан тул тэрбээр Эсватини улсад хийх айлчлалаа цуцалсан байна. III Мсвати хаан ширээндээ заларсны 40 жилийн ойн баярт уригдсан Лай Чин-те мэдэгдэхдээ “эдгээр улс оронд Хятадын дарамт шахалтад бууж өглөө” гэсэн байна. Африкийн өмнөд хэсэгт оршдог Эсватини бол Тайванийг хүлээн зөвшөөрдөг тус тивийн цорын ганц улс юм.


Тим Күүк албан тушаалаа Ж.Тернуст шилжүүлнэ 

Apple компанийн ерөнхий захирал Тим Күүк ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдож, түүний оронд Жон Тернус ажиллахаар болжээ. Т.Күүк 1998 оноос Apple-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд компанийг удирдах болсон юм. Түүний удирдлага дор тус компани дэлхийн зах зээл дэх байр сууриа үлэмж бэхжүүлсэн бөгөөд хувьцааных нь ханш 2000 хувиар, зах зээлийн үнэлгээ нь 350 тэрбумаас 4 их наяд доллар хүртэл өсөж, жилийн ашиг нь бараг 4 дахин нэмэгдэж, 416 тэрбум долларт хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд Apple компани Apple Watch, AirPods, Apple Vision Pro зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргаж, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music зэрэг үйлчилгээнүүдээ эрчимтэй хөгжүүлжээ. Өнөөдөр тус компани үйлчилгээний бизнесээс жилд 100 тэрбум долларын орлого олж байна. Харин Apple компани хиймэл оюун ухааны үйлчилгээг хөгжүүлэхдээ бусдаас хоцорч байгаа нь  хөрөнгө оруулагчдын санаа зовоосон асуудал болж байна. Шинэ СЕО Ж.Тернус 2001 оноос Apple-д ажиллаж байгаа бөгөөд 2021 онд аппаратын инженерчлэл хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр iPhone, Mac, iPad, Apple Watch зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх, хөгжүүлэх ажлыг хариуцаж байснаас гадна AirPods, iPhone 17, Pro, Pro Max, iPhone Air зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргахад оролцжээ.


Онгоцны түлшний үнэ нэмэгджээ 

Бизнесийн болон тансаг зэрэглэлийн нислэгийн эрэлт хэрэгцээ их байгааг United Airlines компани мэдээлсний зэрэгцээ Ираны дайны улмаас онгоцны түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор жилийн ашгийн талаарх таамаглалаа бууруулжээ. Мөн Германы Lufthansa компани 40 мянган тонн түлш хэмнэхийн тулд ойрын зайн 20 мянган нислэгээ цуцалсан байна.  Үүний зэрэгцээ Европын хамгийн том аялал жуулчлалын компани болох TUI  "геополитикийн тогтворгүй нөхцөл байдал"-аас үүдэн ашгийн талаарх таамаглалаа  бууруулжээ. Жуулчид амрахаар төлөвлөсөн хугацаагаа хойшлуулсаар байгаа бөгөөд Египет, Турк зэрэг зэвсэгт мөргөлдөөний бүсэд орших улсуудыг зорих нь илт буурсан байна.  


Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг нэмэгджээ 


Ойрх Дорнодын дайны явцад Пентагон зэвсэглэлээ нэмэгдүүлж буй энэ үед Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдийн орлого өссөөр байна. “Нортроп Грумман” компанийн орлого эхний улиралд өссөн нь түүний нисэх онгоцны үйлдвэрийн борлуулалтын орлого жилийн дүнгээр 17 хувиар өссөнтэй холбоотой. Пуужингийн системийн эрэлт өндөр байгаа энэ үед RTX компанийн жилийн ашиг таамагласнаас өндөр байх төлөвтэй байгаа бол Боинг компанийн орлого 21 хувиар өссөн байна.


Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд: 


Дөрөвдүгээр сарын 27-30  Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал болно.

Дөрөвдүгээр сарын 28 Олон улсын хөдөлмөр хамгааллын өдөр. Хөдөлмөрлөх явцад гарах осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/ онцгой анхаарал хандуулан 2003 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

Дөрөвдүгээр сарын 28-29  Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтууд болно. /Бавариа vs ПСЖ 28-нд Парист, Арсенал vs Атлетико 29-нд Мадридад/

Дөрөвдүгээр сарын 29  Олон улсын бүжгийн өдөр

Дөрөвдүгээр сарын 30  Олон улсын жазз хөгжмийн өдөр

Тавдугаар сарын 1 Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Байнгын чуулга уулзалт өндөрлөнө

Тавдугаар сарын 1  1889 онд Парисын Конвенцоор энэ өдрийг "Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр" болгон зарласан байна.

Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 3 “Формула -1” уралдааны Майамигийн гараа

Тавдугаар сарын 3  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Тавдугаар сарын 3 Нарны өдөр. Энэ өдөр нарны эрчим хүчний ач холбогдлыг таниулж, сэргээгдэх эрчим хүчийг сурталчилж, нарны туяаны ач холбогдлыг онцолдог.

Тавдугаар сарын 3 Олон улсын астрономийн өдөр (Astronomy Day) нь жил бүр хавар болон намрын улиралд тохиодог бөгөөд одон орон судлалыг олон нийтэд сурталчлах, сансар огторгуйн гайхамшгийг таниулах зорилготой өдөр юм.

Холбоотой мэдээ