10 өрөө бүхий “Тусгаарлан ажиглах Халдвартын тасаг”-ийг дэлгэлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-12-02 14:43:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ӨАБНУ-д бүртгэгдсэн коронавирусний B.1.1.529 хувилбарыг ДЭМБ Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс 11-р сарын 26-нд омикрон хэмээн нэрлэж, анхаарал татсан аюултай хувилбараар бүртгэж аваад байна. Одоогоор тус хувилбар бүртгэгдсэн 10 улс, орныг улаан бүсээр тогтоогоод байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын 29 дүгээр хуралдаанаар дээрх 10 улсаас ирж байгаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг иргэн бүрээс хилийн боомтоор орж ирэхэд нь түргэвчилсэн, PCR шинжилгээг авах ажлыг эхлүүлээд байна.

Мөн дээрх шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн ОК-оос Алтанбулаг суманд нэг тусгаарлан ажиглах байр. Мөн аймгийн төв Сүхбаатар суманд аймгийн Нэгдсэн эмнэлэг дэх Халдвартын тасгийг тусаарлан ажиглах байр болгон тус тус дэлгэлээ. Ингэснээр өвчлөл бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг тусгаарлах бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Түүнчлэн хилээр нэвтрэн орж ирж буй иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээг тогтмол авч ажиллах юм байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагын зүгээс иргэдэд хандаж зөвлөмж хүргүүллээ. Тухайлбал халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь нэг метр хүн хоорондын зайг баримтлах, амны хаалтыг тогтмол хэрэглэж, агааржуулалтыг сайжруулахын тулд цонхоо онгойлгож агаарын урсгалыг сайжруулах. Мөн хүн ихтэй газруудаар үйлчлүүлэхгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэх, вакцины тундаа хамрагдахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ