А.Навальный ахмад дайчны нэр төрд халдсан хэргээр оногдуулсан торгуулийг төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-02 15:55:17

МОСКВА. /TASS/. Алексей Навальный Аугаа эх орны дайны ахмад дайчин Игнат Артеменкогийн нэр төрд халдсан хэргээр өөрт нь оногдуулсан 850 мянган рублийн торгуулийг төлжээ.


Энэ талаар Москва хотын Бабушкин дүүргийн шүүхийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


2020 оны зургаадугаар сарын 2-нд А.Навальный “Telegram” болон “Twitter” хуудсандаа ОХУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж ярьсан хүмүүсийн дүрс бичлэгийг нийтэлж, шүүмжилсэн байна. Эдгээр хүмүүсийн дотроос Дэлхийн II дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменко нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд гомдол гаргажээ. 


Энэ оны хоёрдугаар сарын 20-нд Бабушкин дүүргийн шүүх түүнийг бусдын нэр хүндэд халдсан хэрэгт буруутай гэж үзэн мөнгөн торгууль оногдуулсан байна. 


А.Навальный одоо Владимир мужийн 2-р хорих ангид хоригдож байгаа бөгөөд шүүхээс “Ив Роше”-гийн хэргээр оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг нь биеэр эдлэх ялаар солих шийдвэр гарсны дараа уг хорих анги руу шилжүүлжээ. 

Холбоотой мэдээ