ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль "Юнайтед Белаз Машинери" компанийн нэрэмжит танхимтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2021-12-04 22:33:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль "Юнайтед Белаз Машинери" ХХК-ийн нэрэмжит лекцийн танхимтай боллоо. 


Беларуссийн “Белаз” автомашины үйлдвэрийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Юнайтед Белаз Машинери” компани тус танхимыг  өөрийн зардлаар бүрэн тохижуулжээ.


Танхимыг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр болсон бөгөөд тус компанийн төлөөлөгчийн ярьснаар оюутнуудын сурч боловсроход тохитой орчинг бүрдүүлэх зорилгоор ширээ сандал, гэрэлтүүлгүүдийг шинэчилж, бүрэн засвар хийхэд нийтдээ 50 сая төгрөг зарцуулсан байна.



“Юнайтед Белаз Машинери” компанийн нэрэмжит лекцийн танхимыг хүлээлгэн өгөх ёслолд тус компанийн захирал  Л.Я.Слободский, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Н.Горелик, Беларусийн Элчин Сайдын яамны зөвлөх В.Г.Мрочек, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал, доктор профессор Д.Цолмонбаатар, доктор профессор Ж.Хашбат, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Н.Пүрэвдорж, доктор профессор Б.Эрдэнэбат нар оролцсон юм. Энэ үеэр  тус сургууль болон “Юнайтед Белаз Машинери” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэ үеэр элчин сайд  Д.Н.Горелик сүүлийн жилүүдэд Беларусийн Бүгд Найрамдах Улс болон Монголын хамтын ажиллагаа идэвхжиж  эдийн засаг төдийгүй  техникийн хамтын ажиллагаа  хөгжиж байгааг тэмдэглэсэн бол, “Юнайтед Белаз Машинери” компанийн захирал Л.Я.Слободский Монголын уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүрэгтэй ШУТИС-ийн Механик, тээврийн сургуультай цаашид  хамтран ажиллана гэдгээ онцлон дурдав.


Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа манай улсад “Юнайтед Белаз Машинери” компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил хийж иржээ.  

“Юнайтед Белаз Машинери” ХХК нь  2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд худалдаа, засвар үйлчилгээ болон уул уурхайн техникийн санхүүжилтийн чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулсан гэж үнэлэгддэг юм. Тус компани БЕЛАЗ болон Goodyear брендүүдийг Монголын уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүдэд хамгийн ойр байлгаж, холбох чиглэлээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ