Австралийн эрдэмтэд "экологийн сүйрлийн хар хайрцаг" бүтээнэ

ДЭЛХИЙД | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-12-06 17:30:23

СИДНЕЙ. /ABC/. Австралийн Тасманийн их сургуулийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл болсон тохиолдолд хүн төрөлхтний соёл иргэншлийн сүүлийн арван жилийн мэдээллийг бичих хар хайрцаг бүтээнэ. 


Хар хайрцгийг 2022 оны эцэс гэхэд Австралийн Тасмани арлын баруун эрэгт суурилуулах аж.


""Эвдэршгүй хар хайрцаг"-ийн гол зорилго нь экологийн сүйрэл болоход нөлөөлсөн хүн төрөлхтний бүхий л үйл ажиллагааг баримтжуулан үлдээх юм" гэж хар хайрцгийг бүтээгчид онцолжээ. Манай гаргийн ирээдүйн оршин суугчид олон жилийн дараа үүнийг олж мэдсэнээр соёл иргэншил устаж алга болоход яг юу нөлөөлснийг ойлгох гэнэ.


Гурван инч буюу 7.62 см зузаантай ган хуудсаар бүтээх энэхүү хар хайрцаг нь нийтийн тээврийн автобусны хэмжээтэй тэнцэхүйц хэмжээтэй байх бөгөөд дотор талд нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ, дэлхийн янз бүрийн бүс нутгуудын жилийн дундаж температур гэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг хадгалах төхөөрөмж байх бол гадна талд нь хар хайрцгийг эрчим хүчээр хангах нарны хавтангууд суурилуулах аж.


Уг хар хайрцгийг 2022 оны дунд үеэс бүтээж эхлэх боловч хадгалах мэдээллийг аль хэдийнэ цуглуулж эхэлжээ. Энэ ажил 11 дүгээр сарын эхээр Глазго хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын дараа эхэлсэн байна. 


Эрдэмтэд мэдээллийг кодчилох хэд хэдэн аргыг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд нарны гэрэл тусах үед идэвхжих тусгай уншигчийг хамт суурилуулах боломжийг судалж байгаа аж.




Холбоотой мэдээ