Б.Баярбаатар: Дарга нь алсын зайнаас удирдаж намын ажлаа орхих дутагдал их байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-07 13:29:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанд тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан, илтгэлийг тавилаа.


Тэрбээр тус илтгэлдээ МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнийгээ намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд сурталчлан хүргэх талаар санаачилгатай, идэвхийлэн ажиллаж байгаагаа тодотгосон. Тэр дундаа сүүлийн хоёр жилд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргасан аймаг, нийслэл, сум, дүүрэгт намын бодлогын хэрэгжилт, намын байгууллагын ажил сайн байгаа гэж Хяналтын ерөнхий хорооноос дүгнэжээ.  Энэ мэтээр сайн туршлага их байгаа ч засаж залруулах зүйл нэлээд байгааг онцлов.


Тодруулбал, тэрбээр,  “Дарга нь алсын зайнаас удирддаг болохоор намын ажил эзгүйдсэн, төр, засгийн ажлаа голлон анхаараад намын ажлаа орхигдуулсан дутагдал  их байна. Зарим аймаг, сумын намын хорооны дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гардаг. Аймаг, дүүргийн намын хорооны албан тушаалтны ажил үүргийн хуваарь, хүлээх хариуцлагыг тодорхой болгоогүй учраас ажлын давхардал, хийдэл, зөрчил маргаан үүсдэг. Намын дэд дарга нь  ажлаа гардан явуулж байгаа олон аймаг байна. Ялангуяа, шийдвэр гаргах түвшинд намын хамтын удирдлагын зарчим зөрчигдөж, намын дарга, эсвэл цөөн хэдэн тэргүүлэгчийн хүрээнд шийдвэр гаргадаг, дарга нь тогтоол шийдвэрээ ганцаараа бичээд гарын үсэг зураад баталгаажуулдаг зөрчил түгээмэл байгаа”-г санууллаа.  

Холбоотой мэдээ