Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2021-12-11 10:13:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-ны дэргэдэх Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл баасан гарагт /2021.12.10/ хуралдав.


Хуралдаанаар "Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичгийг хэлэлцэж, санал солилцсон байна.


Ташрамд сонирхуулахад, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт 6 удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм байна.


Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан.


Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж,  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж, нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна.


Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих вэ гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлохоор Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулж, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж дэмжсэн.


Тус үзэл баримтлалын дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны 10 дугаар сараас эхлэн боловсруулж, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ