Сэтгүүлчид төрөлх хотынхоо бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-13 13:46:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт төрж өссөн одоо Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид Дархан-Уул аймагт ажиллалаа. Сүүлийн жилүүдэд Дархан хотод хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ цаашдын хөгжлийн талаар хэвлэл мэдээллийн үүрэг, хэвлэн нийтлэх эрх, эрх, чөлөөний талаар орон нутгийнхаа сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм.

Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотын бүтээн байгуулалттай танилцлаа. Тухайлбал Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улсын төсвийн 27,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 2200 хүний суудалтай “Спорт цогцолбор”-ын барилгын ажлын явцтай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар 91 хувьтай ажил явагдаж байгаа бөгөөд дотор засал чимэглэлийн ажил хийж байна.

Мөн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Дархан хотын 60 жилийн ойгоор ашиглалтад орсон Хүүхдийн төмөр замын цогцолбортой танилцлаа. 2,3 км урттай цогцолборыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /буцалтгүй тусламж/ болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд сэтгүүлчид галт тэргээр аялав.

2020 онд Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг дор 50 ахмад настан хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Ахмадын хөгжлийн төвтэй мөн танилцлаа. Тус төв нь эмчилгээ сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө зэрэг 4 давхар барилга юм.

Мөн дахин төлөвлөлт, авто замын өргөтгөлүүд, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил, сургууль цэцэрлэгийн барилгын ажлуудыг үзэж танилцав. 

Холбоотой мэдээ