WSJ: Одоогоор Путин ялж явна
ТОЙМ
Америкийн улс төр судлаач Уолтер Мид “Wall Street
Journal” сонинд бичихдээ, Украины асуудал дээр Оросын Ерөнхийлөгч В.Путин
барууныхныг "зальдан дөнгөж чадлаа" гэж дүгнэжээ. Орос улс дэлхий дахины анхаарлыг өөртөө
татаж чадсан бол Барууны олон нийтийн санаа бодол хуваагдаад байна. Ихэнх европчууд
Украины тухай бус харин Оросын хийн тухай л бодож байгаа байх. Путин Европ ба
Америкийн олон нийтийн санаа бодлыг хуваагдахад хүргэж, өөрөө бүх дэлхийн
анхааралд орсон нь оросуудад тун ч таатай байгаа бололтой.
Путиний хувьд Украинд “тун аятайхан хямрал” үүсгээд авлаа.
Оросын арми Киевт цөмрөн ороогүй хэдий ч өөртөө оноо авахын тулд эцсийн
зорилгодоо хүрэх шаардлага Путинд алга. Маш бага зардал чирэгдлээр хийсэн
Оросын Ерөнхийлөгчийн үйлдэл нь дэлхий дахинд төдийгүй улс орны дотоодод түүний
улс төрийн нэр хүндийг чамгүй өсгөлөө.
Юуны түрүүнд хэлэхэд, Украин бол Оросын хувьд маш чухал сэдэв юм. Хятадууд Тайваний талаар боддогоос илүүтэй олон орос хүн Украинд санаа зовдог. Украин бол Тайванийг бодвол илүү том, эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой газар нутаг юм. 300 гаруй жилийн туршид Оросын эзэнт гүрэн ба ЗХУ-ын салшгүй хэсэг байсан Украин бол Оросын соёл иргэншлийн өлгий нутаг мөн гэж олон орос хүн үздэг. Украинд сунжирсан хүнд хэцүү дайн явуулахыг оросуудын ихэнх нь дэмжихгүй ч гэсэн тэдний хувьд Украины талаар хатуу үг хэлж, дэлхийн дахины анхаарлыг татах нь улс орных нь ерөнхийлөгчийн хийх ёстой үйлдэл мөн болой.
Хоёрдугаарт, энэ удаагийн хямрал нь Орос улс өөрийгөө аугаа их гүрэн гэж дахин мэдрэхэд хүргэнэ. Их Британи, Францын олон иргэдийн нэгэн
адил оросууд эзэнт гүрний хуучин цаг үеийг санагалзсаар байдаг. Орос улс ямар
нэгэн нэр нөлөөтэй байгаасай гэж тэд хүсэж байна. Украинд олон улсын хямрал
дэгдсэн нь Оросын зүгт анхаарлыг хандуулж, Их-7-гийн сайд нарын уулзалтын гол
сэдэв болсон төдийгүй америкчуудын зохион байгуулж буй “Ардчиллын төлөөх дээд
хэмжээний уулзалт”-ын тухай мэдээлэл сонингуудын тэргүүн нүүрнээс алга болжээ.
Дэлхийн мэдээнд зонхилон дурдагдах болсон Путин Америкийн Ерөнхийлөгч Байдентай
хийсэн хүнд хэцүү уулзалтанд “ялагчаар тодров”. Олон орос иргэдийн хувьд энэ
бол үнэхээр ялалт мэт санагдаж байгаа.
Гуравдугаарт, Украины хямрал нь оросуудыг нэгтгэхийн хэрээр Америкийн олон нийтийн санаа бодлыг хуваагдахад хүргэж байна. Байдены засаг
захиргаа Хятадын асуудлаас хөндийрчээ. Ардчилсан нам дахь дэвшилтэт үзэлт
“тагтаанууд” Украины талаар дайнч байр суурьтай байгаа Байден руу дайрч давшилж
байгаа бол зарим консерватив үзэлтнүүд Путинд талархалтай хандаж байгаа аж.
Ардчилсан намын төвч үзэлтнүүдийн хувьд, Украины асуудалд хэт зөөлөн хандаж буй Байденыг
шүүмжлэх боллоо. Путиний өнцгөөс харвал, бүх зүйл эсрэгээрээ байгаа
юм.
Путин бусад чиглэлд ч идэвхтэй ажиллаж байна. Афганистанаас Америкийн цэргийг яаруу сандруу гаргасанд санаа зовж буй улсууд болох Орос, Энэтхэг хоёрын харилцаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт явуулж буй Вашингтоны бодлогод ноцтой хүндрэл учруулах бололтой. Сүүлийн хоёр жилд Орос улс Энэтхэгийн хувьд гол зэвсэг нийлүүлэгч гэдэг статусаа сэргээж чадлаа. Ковидын үед гадаадад ховорхон айлчилж буй Путин энэ сард Шинэ Делид очиж, Ерөнхий сайд Нарендра Моди-той уулзсан юм.
Энэтхэгийн тал агаарын довтолгоонооос хамгаалах С-400
цогцолборыг Оросоос худалдан авахаар захиалсан нь Вашингтоны хувьд толгойны
томоохон өвчин үүсгэсэн. Америкчууд уг цогцолборыг худалдан авсных нь төлөө
Туркийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан билээ. Хэрвээ Энэтхэг С-400-г
үргэлжлүүлэн худалдан авсаар байвал Байден тун адармаатай шийдвэр гаргахад хүрнэ.
Тэрбээр Энэтхэгийн эсрэг хориг арга хэмжээ авна, эсвэл хамтын ажиллагааны
тэргүүлэх чиглэлээсээ тус улсыг хасаж магадгүй.
Хориг тавих аваас Энэтхэг-Номхон далайн стратегийн бодлогын хүрээнд
АНУ-ын гол түнш болох Энэтхэгийн уур хилэнг хүргэнэ. Хэрвээ Байден Энэтхэгт
буулт хийж зүгээр өнгөрүүлэх аваас хоёр нүүртэй ийм бодлогод туркууд дургүйцэх ба ингэснээр НАТО-гийн эвслийн эгнээнд ан цав үүснэ. Чухамдаа
Америкт ашиггүй ийм шийдвэрийг л гаргуулах гэж Оросын тал хүсэж байгаа юм.
Америкийн хоригийн улмаас Турк, Энэтхэг хоёр хөндийрөн холдох нь
холбоотнуудын харилцааг бусниулах болно. Гэхдээ хориг тавихаас татгалзах нь
Вашингтоныг сул дорой бөгөөд мангардуу мэт харагдуулна. Хэрвээ өөрийнх нь гол холбоотнуудад оросууд зэвсгээ их хэмжээгээр зарж буйг АНУ хараагүй мэт өнгөрөөгөөд
байвал “Умардын урсгал-2” хийн хоолойг хаах гэж Герман улс хэр тууштай оролдох бол?
Одоохондоо Украины хямрал нь Путиний хувьд ямар ч алдагдалгүй
дан ашигтайгаар тусч байна. Одоо тэрбээр хямралыг тэгсхийгээд үл анзаарагдам
байдлаар намжаах уу, эсвэл заналхийлэл, кибер халдлага, Оросын тал баримтлагч
зэвсэгт бүлэглэлүүдийн довтолгоо болон илүү ноцтой өдөөн халдлага, Оросын
зэвсэгт хүчний шууд оролцоотойгоор Украины ихэнх нутгийг эзлэн авах замаар нөхцөл байдлыг улам хүндрүүлэх үү гэдэгт асуудлын гол нь оршиж байна.
Путин одоохондоо яахаа мэдэхгүй байгаа гэж олон хүн бодож
байгаа бололтой. Хэрвээ ширүүн өвөл болбол Оросын хийгүйгээр Европ тив
харанхуйд хөлдөх ба Путин өөрийн давуу талыг ашиглахаар шийдэж магадгүй. Оросын
эсрэг Барууны хоригийг дэмжихийн тулд Европын Холбоо Оросын хийг бойкотлох эрсдэлтэй алхмыг хийнэ гэж үү? Болгоомжлол төрүүлмээр өөр асуудлууд ч
бий. Хэрвээ Иранаар дэмжүүлсэн зэвсэгт бүлэглэлүүд Ойрхи Дорнод дахь
Америкийн цэргийн баазууд руу довтолбол яах вэ? Хятадын зүгээс Тайваньд үзүүлж
буй шахалтаа улам чангатгаснаар Номхон далай дахь Америкийн цэргийн хүч
байлдааны бэлэн байдалд орохоос аргагүй болбол яах вэ? Энэ тохиолдолд
Украины эсрэг Оросын сайтар төлөвлөсөн өдөөн хатгалгыг сөрөн зогсох хүч АНУ-д
хэр зэрэг үлдэх вэ?
Хэрвээ дулаахан өвөл болбол дэлхий даяар байдал арай илүү
тайван байх ба Путин ангалын ирмэг дээрээс хойшоо ухарч болох юм. Өөрт нь
хэрэгтэй үед шинээр хямрал үүсгэж чадна гэдгээ тэрбээр сайн мэдэж байгаа.
Украины хямралыг хоосон газар дээр “агаараас авчирч”
үүсгэснээрээ Путин өөртөө маш хүчтэй дипломатын болоод улс төрийн актив
цуглуулж чадлаа. Кремльд ашиг багатай “хямралуудыг үүсгэх” аргыг Барууныхан
олох хүртэл Орос улс энэ замаар явсаар байх болно гэдгийг бид санаж байх ёстой.
Нийтлэлийг бичсэн Уолтер Рассел Мид /Walter Russel Mead/ бол Гузоны
хүрээлэнгийн Стратегийн бодлого ба төрийн удирдлагын асуудлаар мэргэшсэн эрдэм
шинжилгээний ахлах ажилтан, “The Wall Street Journal” сонины олон улсын тоймч
юм. Гузоны хүрээлэн нь улс төр, эдийн засгийн бодлогын тинк танк бөгөөд АНУ-ын засгийн газартай нягт
холбоотой ажилладаг.
Б.Адъяа
Эх сурвалжууд: www.wsj.com, inosmi.ru