Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-17 08:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Эрхэт Монгол группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд дэлхийн аварга боллоо. /огцом 109 кг + түлхэлт 141 кг, нийлбэр 250 кг/ 


Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 86 дахь, эмэгтэй 29 дэх удаагийн тэмцээн 12 дугаар сарын 7-17-нд явагдаж шилдгүүдээ тодруулж байна.


Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 59 кг-д Э. Энхтамир, 87 кг-д М.Анхцэцэг нар өрсөлдөж Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өчигдөр медалийн төлөө хүчээ сориход 87 кг-ын А хэсэгт 11 тамирчин багтсан байв.


М.Анхцэцэг огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар 2 дугаарт орлоо. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүллээ.


Харин түлхэлттэй өргөлтөөр манай тамирчин эхний оролдлогод 135 кг захиалсан бол Орос, Норвегийн тамирчид 135 кг захиалга өгсөн юм. Харин огцомд түрүүлсэн узбек тамирчин 127-гоос өргөлтөө эхлүүлэв.

Эхлээд узбек тамирчин Tursunoy Jabborova 131 кг өргөсөн ч 134 дээр алдаж, нийлбэр дүн 244 кг болсон. Дараа нь  Норвегийн Solfrid Koanda 135 кг өргөлөө. Оросын Дарья мөн 135 кг-ыг хөнгөхөн өргөв. Тэр дараа нь шууд 140 кг-ыг, Норвегийн тамирчин 141-ийг захиалсан.


М.Анхцэцэг өрсөлдөгчдийнхөө өргөлтийг хараад эхний захиалгаа 137 кг болгон нэмж, эхний оролдлого амжилтгүй ч дахин өргөхөд амжилттай болов. Ингээд манай тамирчин 246 кг-аар тэргүүлж эхэлсэн. 


ОХУ-ын тамирчин Дарья 140 кг өргөхөөр гарч ирсэн ч чадаагүй. Тэр дахин өргөх гээд чадалгүй, 240 оноотой тэмцээнээ дуусгалаа. Узбек, Норвегийн тамирчид 141 кг дээр зогссоноор, нийлбэр дүн нь 244 кг өргөсөн амжилтаар М.Анхцэцэгийн ард орж монгол тамирчин дэлхийн аварга боллоо. 


Монголын хүндийг өргөлтийн спортын супер охин М.Анхцэцэг

 


1. Хүндийг өргөлтийн тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг Улаанбаатар хотын уугуул.


2. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ бол монгол туйванчдын оргил амжилт юм.


3. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.


4. М.Анхцэцэг: “Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө Их хувь зохиол" хэмээн хэлэх дуртай.


5. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын хүндийг өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийг өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.


6. Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетта зэрэг жүжигт тоглож байсан, мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд удам залгах бяцхан хүүтэй.



7. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.


8. М.Анхцэцэг 2009 онд ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.


9. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн


10. Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.


11. Тэрбээр айлын том охин бөгөөд 2 эмэгтэй дүү нь хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг.




12. М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекистан зэрэг дөрвөн орноос санал иржээ. Энэхүү саналыг багш, шавь хоёр хүлээж аваагүй юм


13. Тэрбээр “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш миний хувьд мөнгө чухал биш" хэмээсэн байдаг.


14. Түүний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах юм.


15. М.Анхцэцэг шинээр хичээллэж буй дүү нартай хандаж “Хамгийн гол нь тууштай байгаарай. Ер нь аль ч спорт хүнд хүмүүжил олгодог. Спорт бол хүндлэл, хүн байхыг заадаг юм болов уу гэж боддог. Шинээр хичээллэж байгаа хүүхдэд хэлэхэд тууштай байгаарай. Бурхан тууштай, үнэн зөвөөр хөдөлмөрлөсөн хүнийг заавал шагнадаг юм шүү гэж хэлье" хэмээн захисан.


16. Түүний нэгэн мөрөөдөл бол өөрийн гэсэн асрамжийн газартай болох. Хүүхдийг 18 нас хүрэхээр нь шууд гаргадаг биш ажил амьдралын зэрэгт нь хүргэж чаддаг тийм асрамжийн газартай болохыг хүсдэг.


17. Энэ жилийн хамгийн том зорилго нь Токиогийн олимп. Тэрбээр 2016 оны Риогийн олимпод 8 дугаар байр эзэлсэн амжилттай.


18. 2014 онд Ази тивийн өсвөр үeийн АШТ-ээс мөнгөн медаль, 2014 онд Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль, 2015 онд Дэлхийн цомоос хүрэл медаль, 2016 онд Залуучуудын ДАШТ-д алтан медаль, 2016 онд Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий аварга, 2016 онд Риогийн олимпын их наадамд шагналт 8 байр, 2016 онд Залуучуудын Азийн аварга 2016 он Оюутны ДАШТ-д алтан медаль 2017 он Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн 2017 он Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн 2017 он Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон 2019 он насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 2019 он насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медаль 2019 онд дэлхийн цомын аварга 2021 он Азийн АШТ хүрэл медаль


19. М.Анхцэцэгийн багш нь Ц.Хосбаяр. Шавийгаа Бурханы бэлэг хэмээн бэлгэшээж явдаг. М.Анхцэцгийг хүмүүс Алтан охин хэмээх нэрээр нь андахгүй мэднэ.


20. Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, хүндийг өргөлтийн спортоор Монголын анхны дэлхийн аварга тамирчин болж түүхэнд бичигдлээ.



Холбоотой мэдээ