Монгол Улс, ОХУ парламентын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-18 17:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай энэ сарын 17-нд уулзсан байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко ОХУ-ын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын удирдлага Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгтэй байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв.


Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хоёр улс дайны хүнд үе, энхийн бүтээн байгуулалтын аль алинд харилцан ойлголцож, харилцан тусламж үзүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид  хоёр ард түмний чин сэтгэлийн, ойр дотно хандлага, ахан дүүсийн харилцааг нандигнаж, үеийн үед уламжлуулан өвлүүлэх нь чухал гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар санал нэгдэв.


Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, парламентын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.


Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал болохыг В.И.Матвиенко  тэмдэглэв.


Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт томоохон хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж үзэв. Айлчлалын мөрөөр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд явцад хяналт тавьж, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн мэдээллийг сонсоно гэдгээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко илэрхийлэв.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар соёл, боловсрол, хүмүүнлэг, бүс нутаг, орон нутгуудын шууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжихээ тэмдэглэв.

Холбоотой мэдээ