Улсын аварга П.Бүрэнтөгс "Хантайшир" дэвжээний ойн барилдаанд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээ"-ний 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг "Хантайшир" дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон "Хантайшир" дэвжээний удирдлагууд гардууллаа.
Тус барилдаанд улсын
аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр,
Улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга,
Б.Цэдэнсодном, Улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа,
Улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх уран мэх, авхаалж самбаа
сорин барилдсан юм.
Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээнээс ахмад
бөхчүүддээ болон хүндэт засуулуудад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ.
Дараагийн барилдаан 2021
оны 12 дугаар сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд
зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.