Ж.Байдены туслахаас коронавирусний халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-21 12:22:48

ВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өнгөрсөн баасан гарагт “Air Force One” нисэх онгоцонд хамт зорчсон Цагаан ордны туслахын “COVID-19”-ийн шинжилгээ хариу даваа гарагт эерэг гарсан талаар тус ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки даваа гаргийн орой мэдэгджээ.


Ж.Байдены ням, даваа гарагт өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан бөгөөд лхагва гарагт давтан шинжилгээ өгөхөөр товлоод байна. Ж.Псакигийн мэдээлснээр, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдвар авсан хүнтэй ойр байсан вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст тусгаарлагдах шаардлага тавихгүй байгаа тул Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлын хуваарьт өөрчлөлт орохгүй ажээ.


Туслахын хувьд мөн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд Ерөнхийлөгчийг Өмнөд Каролина муж улсаас Пенсильвани муж улс руу баасан гарагт зорчих үед нь ойролцоогоор 30 орчим минут хамт байсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Цагаан ордон туслахын хэн болохыг мэдээлээгүй байна. 

Холбоотой мэдээ