Израилд “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг тарина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-22 14:09:45

ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израил коронавирусний “омикрон” хувилбараас үүдэлтэй халдварын шинэ давлагаанд бэлтгэн “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн анхны орон болохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ.


Тодруулбал, Израилын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудыг дөрөв дэх тунд хамруулахыг зөвлөжээ. Ерөнхий сайд Нафтали Беннеттийн хувьд энэхүү төлөвлөгөөг сайшаан бэлтгэл ажлыг эхлүүлэхийг холбогдох албаны төлөөлөгчид үүрэг болгосон байна.


Израилд “омикрон” хувилбараар халдварласны дараа нас барсан анхны тохиолдол мягмар гарагт бүртгэгдсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд шинэ хувилбарын 340 тохиолдол илрээд байна.


Вакцины дөрөв дэх тунг тарих шийдвэр эрүүл мэндийн байгууллагын өндөр албан тушаалтнуудын зөвшөөрлийг хараахан аваагүй байгаа хэдий ч Н.Беннеттийн ажлын албанаас “BBC” телевизэд мэдээлэхдээ, гурав дахь тунгаа хийлгээд хамгийн багадаа дөрвөн сарын хугацаа өнгөрч буй хүмүүст нэмэлт дөрөв дэх тунг тарихаар төлөвлөж байна гэжээ.  


“Дэлхий нийтийг нөмөрч буй “омикрон” хувилбарын тархалтыг даван туулах гайхалтай мэдээг дуулгая” гэж Н.Беннетт дөрөв дэх тунгийн дархлаажуулалтын талаар танилцуулах үеэрээ хэлээд, аль болох ойрын хугацаанд вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриалсан байна.


Дэлхийн улс орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг анх эхлүүлж байх үед Израилын иргэд дархлаажуулалтад богино хугацаанд идэвхтэй хамрагдсан юм. Гэвч одоогоор 9.3 сая хүн амын 63 орчим хувь нь л хоёр тунд хамрагдаад байна. Үүнд залуу хүн ам ихтэй /хүн амын гуравны нэг орчмыг 14-өөс дээш насныхан эзэлдэг/ нь мөн нөлөөлж байгаа аж.


Үүнтэй холбогдуулан Израилын эрх баригчид таваас дээш насны хүүхдүүдийг 11 дүгээр сараас вакцинд хамруулж эхэлсэн юм. Даваа гарагт Н.Беннетт халдварын шинэ давлагааны эрчийг сааруулахын тулд ирэх хоёр долоо хоногт вакцинд хамрагдах боломжтой хүүхэд бүрт вакцин тариулахыг уриалжээ.


Тус улс нь шинэ хувилбарын тархалтыг зогсоохын тулд иргэдээ АНУ, Герман, Итали, Канад зэрэг орнууд руу зорчихыг хориглоод байгаа юм. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд цар тахал дэгдсэнээс хойш халдварын 1.36 сая гаруй тохиолдол илэрч, 8200 гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ