Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцсэн эдийн засгийн асуудлууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-12-23 16:56:26

Энэ оны хувьд Монгол Улсын гадаад харилцаанд өрнөсөн хамгийн чухал үйл явдал бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал байлаа.  Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээ, үйл явдлууд бүтэн жилийн турш үргэлжилсээр Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалаар өндөрлөж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний явцад хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг үндсэнд нь тодорхойлж, хамтарсан Тунхаглал гаргасан нь айлчлалын гол баримт бичиг юм.


Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цогц байдлаар хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах үүднээс Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр хоёр улсын төрийн тэргүүн нар санал нэгдлээ.


Айлчлал хоёр хоногийн хугацаатай, маш шахуу хөтөлбөртэй байсан хэдий ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын удирдагчтай гурван цагийн турш хэлэлцээ хийсэн нь хоёр тал хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх асуудлыг чухалчлан анхаарч буйг илтгэв.


Одоогоор хоёр талын хамтын ажиллагаа соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон цэрэг-техникийн салбарт эрчимтэй өрнөж буйг хэн бүхэн мэднэ. Харин худалдаа-эдийн засгийн салбарт ийм эрчтэй үйл явц огт ажиглагдахгүй, зогсонги байгаа нь бодит үнэн. Тухайлбал, 2020 онд манай улс 1,457 сая долларын худалдааг ОХУ-тай хийсэн бол 2021 оны 7 дугаар сарын байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 1092,498 сая доллар болсноос Монголын экспорт 60,798 сая доллар, импорт 1031,7 сая доллар байв.  Өөрөөр хэлбэл, хоёр талын худалдаа хэт тэнцвэргүй байгааг эдгээр тоо баримтаас харж болно. Энэ бол одоогоос 7 жилийн өмнө “Монгол-Оросын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх” зорилт тавьж байсантай харьцуулахад үнэхээр чамлалттай тоо. 


Ийм учраас худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Оросын талтай нухацтай хэлэлцэв. Тэрбээр ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзах үеэрээ, Монгол Улс Ази, Европыг холбосон газарзүйн байршлын давуу талаа ашиглан “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэж, Орос, Хятадыг холбох хурдны авто зам, баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгийн төслүүд, “Богдхан” төслийг хэрэгжүүлэхэд Оросын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Мөн худалдааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улс ба Евразийн Эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны дүнд үндэслэн зохих арга хэмжээг авахаар Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар ярилцсан байна.



Талууд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэж, дүрмийн санг нэмэгдүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов.


Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах төслүүдэд хамтран ажиллах боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэн хэлсэн бол ОХУ-ын Засгийн газрын дарга хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цогц төлөвлөгөө гарган ажиллах үүргийг холбогдох байгууллагууддаа өгч буйгаа тэмдэглэв. Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх замаар ОХУ-д нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлснийг Оросын Засгийн газрын тэргүүн дэмжлээ.


У.Хүрэлсүх, М.Мишустин нар ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотлов.  2018 оны 6 дугаар сард Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын IV уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ. Тэгэхээр гурван тал улс төрийн дээд түвшинд асуудлыг нэгэнт шийдсэн гэсэн үг.


Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Шадар сайд С.Амарсайханы ярьснаар "Хиагтаас Замын-Үүд хүртэлх 960.5 км урт хий дамжуулах хоолойн барилгын ажил 2024 оноос эхэлж, төсөл хэрэгжих явцад 1500-1700 ажлын байр бий болох" ажээ.  Үүнтэй холбогдуулан дурдахад, Оросын “Газпром” компани хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд ойрын долоон жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.


Түүнчлэн Хиагтаас Замын-Үүд хүртэл хурдны зам барих тухай хэлэлцсэнээс гадна Москва-Бээжингийн хооронд хурдны зам тавих асуудлыг ч хөнджээ.  Тодруулбал, Оросын Красноярск хот хүртэл барьж буй хурдны замыг цааш сунгаж, Орос-Монгол-Хятад гурвыг холбосон хурдны замын шинэ коридор үүсгэх талаар ярилцсан нь сонирхол татлаа.


Мөн босоо тэнхлэгийн төмөр зам барих замаар баруун зүүн талаар шинэ коридор бий болгох асуудлыг хөнджээ. Тодруулбал, Арц сууриас БНХАУ руу, Эрээнцаваас Бичигтийн боомт хүртэл гурван улсыг холбосон төмөр зам байгуулах талаар ярилцсан гэдгийг ноён Я.Содбаатар дурдлаа.


Москвад гарын үсэг зурсан хамтарсан Тунхаглалд дурдсанаар, хоёр тал 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Уг хөтөлбөртэй уялдуулан Монголын тал “Талын зам” гэдэг төслийг хэрэгжүүлэхээр баталсан билээ. Энэ бол Хятад-Оросыг холбохын тулд Монголын нутгаар дайруулан төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүчний шугам барих дэд бүтцийн мега төслүүд юм.  


Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлалын үеэр харьцангуй “жижиг” асуудлуудыг ч хэлэлцжээ. Тухайлбал, Оросын Роснефть компани Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд шатахуун нийлүүлэх, Монголын талаас ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон мах, махан бүтээгдэхүүнийг "Газпром" компанийн ажилтнуудын хэрэгцээнд нийлүүлэх, Орос-Монголын хил дээр нийт 29 боомт байсныг 16 болгон цөөлж, эдгээр боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, хялбаршуулсан байдлаар бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, цахим хэлбэрээр гаалийн бичиг баримтуудыг солилцох гэх мэт. Мөн цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулах саналыг ОХУ-ын талаас тавьсан нь сонирхолтой бөгөөд уг чиглэлд хийх ажлыг ойрын үед эхлүүлэхээр тохиролцсон байна. Дэлхийн ураны нөөцийн 2 хувийг эзэмшдэг манай улсын хувьд 12 улсад 34 атомын цахилгаан станц барьсан болон барьж буй Орос улстай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ихээхэн нөөц боломж бий.  


Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөндсөн эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аваас Монгол-Оросын болон Монгол-Хятадын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа эрс идэвхжиж, бараа эргэлтийн хэмжээг тус тус 10 тэрбум долларт хүргэх бүрэн боломж бий.

Б.Адъяахүү

Эх сурвалж: president.mn 

Холбоотой мэдээ